
-Талийгаачийн үхлийн тухай шинэ нотлох баримт дэлгэх асуудал учир битүүлгээр цуцлагдсан тухай гадаадын хэвлэлүүд мэдээлж байна. Энэ талаар танд ямар нэг мэдээлэл байна уу?
-Энэ мэдээлэл зүгээр л нэг сенсаац. Малайзын болон Монголын Засгийн газрын гишүүд энэ хэргийг шийдвэрлэхийг хүсэхгүй байгаа. Би энэ талаар олон жил төр, засаг, холбогдох байгууллагуудаас гуйсаар одоо бүр цөхөрсөн.
-Хэргийг мөрдөн байцаах ажилд өнгөрсөн наймдугаар сард Монголоос Ажлын хэсэг томилон явуулахаар болсон тухай мэдээлж байсан?
-Гадаад харилцааны яамны Консулын газрын даргаар ажиллаж байсан Д.Ганхуяг тэгж ярьсан байна билээ. Хэрэв миний охины хэргийг мөрдөн байцаах ажилд оролцоод ирсэн бол цаадуул чинь хэвлэлийн бага хурал зарлаж, баахан шоудах байсан шүү дээ. Малайзын хууль хяналтын байгууллагынхан жирийн хохирогч эцгийн үгийг огт тоохгүй нь мэдээж. Тиймээс аргаа барахдаа хоёр жилийн өмнө би Хууль зүйн яам, Гадаад харилцааны яам, Хүний эрхийн үндэсний комисст хандан ийм ажлуудыг хийгээд өгөөч гэж гуйсан. Хийх ажлыг нь хүртэл заасан гэж болно. Ажлын хэсэг байгуулаад, тус улсад очоод холбогдох хууль хяналтын хүмүүстэй уулзаад, хамтран ажиллах гэрээ байгуулж, парламентийн хурал дээр энэ хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсэхийг гуйсан.
-Тэгээд юу болсон юм бэ?
-Дээрх байгууллагууд “Чадахгүй” гэсэн хариулт л өгсөн.
-Малайзын талаас тантай холбоо барьсан уу?
-Хэрэг гарсны дараахан л Нажиб Разакийн сөрөг хүчнийхэн надтай холбоо барьсан. Тухайн үед УИХ-ын гишүүн байсан, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ надад тусалж, хоёр ч удаа би Малайз руу явж, мэдээлэл хийсэн. Малайзын талаас томилогдсон өмгөөлөгч нь надтай нэг удаа ирж, уулзсан. Энэ хэрэгт Монголын Засгийн газар, холбогдох яамд даанч “хөдөлж” өгөөгүй. Манай улсад хүнийхээ төлөө, иргэнийхээ төлөө гэх юм алга.