![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/10/1dff6e92c7aadb5a/b6433b4c47361dc6original.jpg)
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдох хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Су.Батболд хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг хөндлөө. Ингэхдээ сайдтай аймгийн хөрөнгө оруулалт сайдгүй аймгуудынхаас хэд дахин илүү байгааг сануулж, хариулт шаардав. Тодруулбал, Архангай аймагт ирэх жил 42 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсвийн хуульд төлөвлөсөн бол Баянхонгор аймагт 32 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөгдсөн байна. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Архангай аймгаас сонгогдсон бол Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Баянхонгор аймгаас сонгогдсон юм.
Сангийн сайд Ч.Улаан дээрх асуултад хариулах үеэрээ “Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг Сангийн яам хариуцахаа больж, Эдийн засгийн хөгжлийн яаманд шилжсэн. Тиймээс Сангийн яамны хувьд хөрөнгө оруулалтын дотоод бүтцийг тохироод явж байгаа. Хөрөнгө оруулалтыг тусгахдаа обьект барих бэлтгэл нь бүрэн хангагдсан шаардлагыг харгалзаж үзсэн. Бэлтгэл хангагдаагүй хөрөнгө оруулалтыг хойшлуулсан” тухай онцоллоо.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Ирэх жил нийт 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөснөөс 300 нь шинээр барих обьект. Харин 100 нь өмнө эхлүүлсэн обьектод хамаарах хөрөнгө оруулалт” гэлээ.
Хэлэлцүүлгийн шатанд хөндөгдсөн хоёр дахь асуудал нь багш нарт олгох тэтгэмжийг ямар шалтгааны улмаас танасан тухай байлаа. Сангийн сайдын тайлбарласнаар “Анх Боловсролын тухай багц хуулийн төсөл өмнөх УИХ-аар хэлэлцэх шатанд 3.7 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардаж байсан. Энэ нь алслагдсан бүсэд багш нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилготойгоор тавигдсан эх үүсвэр. Гэвч хууль батлагдах шатанд боловсролын салбарыг нийтэд нь хамарсан. Хуулийг ирэх жилээс хэрэгжүүлж эхэлснээр төсөвт 160 орчим тэрбум төгрөг суулгах шаардлагатай ч ийм хэмжээний эх үүсвэрийг төсөвт суулгах бололцоогүй. Тийм учраас үе шаттайгаар авч үзье. Хуулийг хэрэгжүүлэх хугацааг 2014 оноос эхлүүлье, ингэхдээ алслагдсан сум суурин газрын багш нарыг хамруулъя гэсэн санал боловсрогдоод явж байгаа. Эхний ээлжинд нийт 13 тэрбум төгрөг шаардана” гэлээ.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Г.ДАРЬ