Сайд Л.Болд ХБНГУ-д айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.24-нд нийтлэгдсэн

Сайд Л.Болд ХБНГУ-д айлчилж байна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн сайд Г.Вэстервэллегийн урилгаар тус улсад айлчилж байна.
Холбооны Гадаад хэргийн сайд Г.Вэстервелле Гадаад харилцааны сайдыг Холбооны ГХЯ-ны байранд энэ сарын 23-нд хүлээн авч уулзаж, монгол, германы хоёр талын харилцаа болон олон талт  хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.

Сайд Л.Болд Монгол Улсын улс төр, эдийн засгийн өнөөгийн байдал, шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллаганы мөрийн хөтөлбөр болон гадаад харилцааны салбарт ойрын үед авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа арга хэмжээний талаар тодорхой мэдээлж, Монгол Улсын Засгийн газрын гадаад бодлогын хэрэгжилтэнд хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцаа цаашид чухал ач холбогдолтойг онцгойлон тэмдэглэв. Ялангуяа Холбооны канцлер хатагтай А.Меркелийн Монгол Улсад 2011 онд хийсэн албан ёсны айлчлал, мөн  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн ХБНГУ-д энэ жил хийсэн төрийн айлчлалууд үүнд онцгой үүрэгтэйг тэмдэглэж, айлчлалуудын үеэр ярилцаж, тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгож, амьдралд хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар цаашид тууштай ажиллахаа илэрхийлэв.

ХБНГУ нь манай улсын Европ дахь гол түнш, “гуравдагч хөрш” бөгөөд хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцаа цаашид стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хэрэгжиж байгаад Л.Болд сайд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байгаа хоёр орны энэхүү хамтын ажиллагааг цаашид эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах нь чухалыг тэмдэглэв.

Холбооны Гадаад хэргийн сайд Г. Вэстервелле хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд эрс эрчимтэй хөгжиж ирсэнтэй санал нэг байгаагаа илэрхийлэн германчууд болон монголчууд ойр дотны анд нөхөд бөгөөд нэгдмэл ашиг сонирхол болон  ижил үнэлэмжтэйг цохон тэмдэглэв.

Тэрбээр цааш нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг 2014 онд хамтран өргөн хэмжээгээр хоёр талдаа тэмдэглэн өнгөрүүлэх, Улаанбаатар хотноо технологийн хамтарсан их сургууль байгуулах, Боннын их сургуульд монгол судлалыг цаашид үргэлжлүүлэх асуудлуудыг дэмжиж байгаагаа мэдэгдэж, Монгол Улс олон улсын аюулгүй байдал, энхийн төлөөх НҮБ-ын үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж, бодит хувь нэмрээ оруулж байгаа болон Афганистанд 2009 оноос эхлэн монгол-германы цэргүүд хамтран тус орны аюулгүй байдлыг тогтворжуулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаад талархал илэрхийлэв.

Мөн түүнчлэн Монгол Улс, ХБНГУ нь НҮБ болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд харилцан бие биеэ тогтмол дэмжин ажиллаж ирсэнд хоёр сайд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид ч нягт хамтран ажиллахаа нотлов.

Нүүрс шингэрүүлэх үйлдвэрийг Монгол Улсад германы технологийг ашиглан барьж, хэрэгжүүлэх нь монголын эдийн засгийг бусдаас хамааралтай, хараат байдлаас гарах чухал асуудал гэдгийг сайд Л.Болд тэмдэглэж, Сайншандын аж үйлдвэрийн паркад шинээр коксын үйлдвэр байгуулах, газрын ховор элементийг  ашиглах  асуудлаар цаашид нягт хамтран ажиллах талаар санал дэвшүүлэв.   

Хоёр орны иргэдийн харилцааг идэвхжүүлэх асуудалд хоёр тал анхаарч ажиллахаа мэдэгдэж, эхний ээлжинд дипломат паспорт эзэмшигчдийг харилцан визнээс чөлөөлөх асуудлаар Засгийн газар хооронд тохирох тухай хэлэлцээг ойрын үед эхлүүлэх талаар тохиролцов.

Гадаад харилцааны сайд Холбооны Гадаад хэргийн сайдыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг дахин нотлон урихад Холбооны Гадаад хэргийн сайд урилгыг талархан хүлээн авч удахгүй Монгол Улсад айлчлах болно гэдгээ мэдэгдэв.

Хоёр сайдын Берлин хотноо хийсэн энэхүү албан ёсны анхны уулзалт нь ажил хэрэгч, харилцан бие биеэ бүрэн ойлголцсон  байдалд болж өнгөрсөн ба энэ үеэр хөндөгдөж ярилцсан асуудлуудыг ойрын үед хэрэгжүүлэхэд  онцгой анхаарч ажиллахаар тохиролцов гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

                  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж