Англичууд оросуудыг дайрч давшилжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Англичууд оросуудыг дайрч давшилжээ

Английн хөлбөмбөгийн холбоог даргалж байсан лорд Тизманы бодлогогүй хэлсэн үг Англи улс 2018 онд өөрийн эх орондоо хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө тэмцэлдэхэд нь саад болж болзошгүй байдал үүсгэж байна.
Лорд Тизман Оросууд удахгүй болох дэлхийн аваргын үеэр шүүгчдийг худалдаж авахад нь  Испанийн шигшээ багт тусалж, хариуд нь 2018 оны дэлхийн аваргыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөөнд Испанийн болон испани хэлтэй орнуудын дэмжлэгийг авч болох юм гэсэн утгатай үг хэлсэн ажээ. Лорд Тизман “Испанийн хөлбөмбөгийн удирдлагууд дэлхийн аваргын тэмцээний үеэр хахууль авах шүүгч нарыг хайж байгаа гэсэн мэдээлэл надад байгаа “гэж мэдэгдээд “энэ санаархалд нь Оросуудыг туслахыг тэд хүсч байгаа “ гэж хэлсэн байна.  Английн Mail on Sunday сонины сурвалжлагч Английн хөлбөмбөгийн холбооны дарга Тизман өөрийн туслахтайгаа ярилдцаж байхдаа ийнхүү хэлснийг нь мэдэгдэлгүйгээр бичиж авчээ.
Энэ ярианы төлөө Английн хөлбөмбөгийн холбооноос ОХУ-ын хөлбөмбөгийн холбоонд өчигдөр цахим шуудангаар уучлал хүссэн захидал илгээсэн гэнэ. Гэвч энэ асуудалд ФИФА маш анхааралтай хандаж ерөнхий нарийн бичгийн дарга Жером Вальке өөрийн байгууллагын ёс зүйн хороонд энэ асуудлыг судалж үзэхийг тушаасан байна.
Хэдийгээр лорд Тизман Английн хөлбөмбөгийн холбооны даргын ажлаа өгсөн ч энэ шуугиан тарьсан мэдэгдэл 2018 оны дэлхийн аваргыг өөрийн оронд зохиох эрхийг авах боломжийг нь бууруулж Дэвид Бекхэмийн оролцоотой сурталчилгааны ачаар боломж нь ихэсч байсан эрхийн төлөөх тэмцэлд ялагдах магадлалтай болгов. Мөн 2018 оны дэлхийн аваргыг эх орондоо зохион байгуулах эрхийн төлөөх өрсөлдөөнд Англи улстай гол өрсөлдөөнийг бий болгож байгаа ОХУ-д давуу байдал өгөхөөр болов. Энэ эрхийн төлөө ОХУ, Англи хоёр орноос гадна  Испани Португали болон Бельги Нидерланд улсууд тэмцээнийг  хамтран зохион байгуулах санал ирүүлсэн нь мөн л анхаарал татаж байгаа юм.

М.Наст
Эх сурвалж  АР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж