Усны зохицуулах зөвлөлийн семинар боллоо

Хуучирсан мэдээ: 2012.10.24-нд нийтлэгдсэн

Усны зохицуулах зөвлөлийн семинар боллоо

“Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаа, түүний чиг хандлага” сэдэвт семинарыг Усны зохицуулах зөвлөл болон Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Өмнөговь болон Дорноговь аймгийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл” хамтран аравдугаар сарын 23-нд буюу өчигдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав. Семинарт хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотод нийтийн аж ахуйн чиглэлээр  ус хангамжийн үйл ажиллагааг эрхэлдэг төр, орон нутгийн өмчит болон хувь хэвшлийн 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд оролцлоо.

Усны зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааны хүрээ, түүний зорилго чигийг тодорхойлж, улсын хэмжээнд цэвэр ус олборлох, түгээх ба ариутгах татуургын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын менежментийг сайжруулах, ус ашиглалтыг ухаалаг оновчтой болгох, эргэлтийг зохицуулах, хот суурин газар усны нөөцийг зохистой хуваарилах, хүн амын ундны усны чанарыг дээшлүүлэх, төвлөрсөн шугамын талаарх, ус хангамжийг өргөтгөх ба усны үнэ тарифийн бүтцийн асуудлуудаар өргөн хүрээтэй хэлэлцсэн юм. Хүн ам, аж ахуйн нэгжид үзүүлдэг үйлчилгээний чанарын түвшинг хэрхэн сайжруулах, гүйцэтгэлийн үзүүлэлтээр хэрхэн дүгнэх, хэрэглэгчдэд үйлчилгээгээ хэрхэн түргэн шуурхай хүргэх, мөн санал гомдлыг хүлээн авах, барагдуулах, ус олборлогч болон түгээгч байгууллагын нийгмийн үүрэг хариуцлага, төр, хувийн хэвшлийн байгууллагын хоорондын харилцаа, үйлчилгээний чанар байгууллагын ашиг орлогод хэрхэн нөлөөлөх олон улсын практик, туршлагын талаар Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй 0204 төслийн зөвлөх ноён Дензел илтгэл тавилаа.

Семинарт оролцогчдод Зохицуулах зөвлөлөөс шинээр баталсан “Тусгай зөвшөөрөл олгох”-ыг танилцуулан, цаашид нийтийн аж ахуйн үйлчилгээг эрхэлдэг тусгай зөвшөөрөл эзэмшигч (ТЗЭ) байгууллагын үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөх, чадавхийг дээшлүүлэх, ТЗЭ-д тавигдах суурь нөхцөл, шаардлагыг шинэчилж мөрдөх, тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгуулах үйл ажиллагааг олон шат дамжлагагүй, түргэн шуурхай олгох зэрэг асуудлын талаар нилээд дэлгэрэнгүй тайлбар, танилцуулга хийлээ.   Семинарт оролцогчдын зүгээс хүн амын дунд усыг үнэгүй зүйл мэт ойлгож хэрэглэж байна. Иргэдэд усны үнэ цэнийг сайтар ойлгуулах хэрэгтэй байна гэсэн саналыг чухал ач холбогдолтойгоор тэмдэглэж байлаа. Зарим хэсэг нь усны үнэ сүүлийн 5 жил тогтвортой нэмэгдээгүйгээс ус хангамжийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд алдагдалтай ажиллаж байгаа талаар дурьдаж байлаа.

Мөн Эрчим хүчний зохицуулах зөвлөл байгуулагдаагүй байхад үйлдвэрлэсэн цахилгааны алдагдал 30% заримдаа 60%-д хүрдэг байсан бол Эрчим хүчний зохицуулах зөвлөлтэй болсноор үйлдвэрлэсэн цахилгааны алдагдал 10%-тай байгаа талаар албаны хүмүүс ярьж байв. Усны зохицуулах зөвлөл байгуулагдсанаар нийтийн аж ахуйн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд алдагдалгүй ажиллах нөхцөл боломжийг олгох, цаашид усны нэгдсэн тарифтай болох, зөвлөлөөр дамжуулан аж ахуйн нэгж өөрсдийн санал санаачлагыг засгийн газарт хүргүүлэх юм. 

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж