![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/10/be5e60f07e043db6/3515fb01150e1be7original.jpg)
Газрын тос хайх, олборлох асуудлыг бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зохицуулж байгаа бөгөөд 10 гаруй жил татвараас чөлөөлөгдөж иржээ. Олон улсын туршлагаас харахад газрын тосны чиглэлээр бүтээгдэхүүн хуваах зарчмаар хэрэгжүүлж буй төсөлд албан татварыг ногдуулдаг аж. Олон улсын жишигтэй нийцүүлэн татварын тэгш шударга ногдуулах асуудлын хүрээнд хөнгөлөлт, чөлөөлөлтийн багасгах бодлого баримтлах нь зүйтэй гэж үзжээ. Газрын тосны салбарт оруулж буй хөрөнгө оруулалтыг богино хугацаанд үр ашигтай хийлгэх, засгийн газарт ногдох үр ашгийн хугацааг наашлуулах зорилгоор энэхүү чөлөөлөлтийн заалтыг хүчингүй болгосноор 2013 онд төсөвт 10,2 тэрбум төгрөг төвлөрөх боломжтой гэсэн Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг гишүүн С.Ганбаатар танилцууллаа.
Гишүүн С.Одонтуяа Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсан юм. Тус байнгын хороо нэг банкинд 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдэд хадгаламжийн хүүгийн татвар ногдуулах нь зүйтэй гэж үзжээ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтэд тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн даатгал зэрэгтэй холботой асуудлыг хөндсөн байна. Энэ талаар эрхэм гишүүн С.Ганбаатар танилцуулсан юм.
Ажил олгогчийн болон даатгал төлөгчид хүндрэл учруулалгүйгээр даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхээр болсон байна.
Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болжээ. Түүгээр боловсролын салбарт ажиллагсдад тэтгэвэрт гарахад нь 24 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж өгдөг байсныг 36 сар болгон нэмэгдүүлэх зэрэг заалт нэмээд байсныг хасчээ. Гэвч дараагийн хэлэлцүүлгийн үеэр дахин авч үзье гэсэн байна.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дүгнэлтэд байгалийн нөөц ашигласны төлбөрийн хуулийн зарим хэсгийг хүчингүй болгохыг гишүүд дэмжжээ.
Үүний дараа гишүүд Төсвийн хуулийн төслөөр асуулт тавьж хариулт авах ажил эхэлж байна.