Ардчилсан нам энэ удаад буулт хийсэн нь МАН-ынханд тал зассандаа бус гол нь ард түмэн, улс эх орныхоо эрх ашгийг бодсон. Гэхдээ МАН-ынхны хууль зөрчсөн үйлдлийг өөгшүүлж болохгүй, хамгийн сүүлийн жишээг татвал чуулганы хаалгыг хааж суусан үйлдэлд нь хариуцлага тооцох ёстой гэдэг байр сууриа бүлгийн дарга УИХ-ын даргад сануулжээ. Цаашид ч тус намынханд сануулж хэлэх хэд, хэдэн асуудал бий. Нэгдүгээрт, улс орны эрх ашиг, шинэчлэлийн бодлогод саад болж байгаа бүх зүйлтэй Ардчилсан нам эвлэрэхгүй. Хоёрт, Өвөрхангай аймагт нэр дэвшсэн хүмүүсийн тангаргыг өргүүлэхийг түр хугацаагаар хойшуулж байгаатай холбоотойгоор янз бүрийн улстөр хийхгүй байх. Улсын нэгдсэн төсвөө баталъя гэж байгаа бол түүгээр популист хийхээ зогсоох. Багш нарын 36 сарын тэтгэлэгтэй холбоотой асуудлаар Ардчилсан нам байр сууриа илэрхийлсэн. Ингэхдээ тооцоололгүй улстөржсөн байдалтай зүйлийг төсвөөр далимдуулан түлхэх нь өөрөө Монгол Улсын төсвийн бодлогод сөрөг нөлөө үзүүлэхүйц байгаа. Ерөнхий сайдын төвшинд багш нарын тэтгэмжтэй холбоотой асуудлыг үе шаттай авч үзье. Нэг далайлтаар хэдхэн тооны багшид 150-160 тэрбум төгрөг тараах нь улс орны эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж үзсэн гэлээ. Тэтгэвэрт гарах багш, эмч нарын тоог харвал боломжийн, тэдгээрт 30 тэрбум төгрөг шаардагдахаар байгаа аж. Түүнийг шийдчихэд төсөвт сөрөг нөлөө үзүүлэхгүй гэнэ. Тиймээс асуудалд бодитой хандсан нөхцөлд олонхи сөрөг хүчний шаардлага, хүсэлтийг хүлээн авахад бэлэн. Тэр дундаа 2013 он монголчуудын хувьд маш их зүйлийг хийж бүтээх жил байх ёстой. Үүний тулд тэтгэмжээс өөрсдийгөө татаж, хүн бүр хөдөлмөрлөж байж хямралыг тойрч гарах гарц харагдаж байгааг онцоллоо. Дээрх мэдэгдлийг хийсний дараа Д.Эрдэнэбат дарга сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгсөн юм.
-Сонгуулийн ерөнхий хороо нь Г.Батхүү, Д.Зоригт нарын УИХ-ын гишүүний тангаргийг өргүүлэх шийдвэрээ УИХ-ын даргад өргөн мэдүүлчихсэн үед УИХ асуудлыг хэд хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн хуулийн хугацаа бий юу. Эргээд асуудал шүүхээр хэлэлцэгдэх юм биш байгаа гэдэг асуудал яригдах боллоо?
-Нэгэнтээ Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын гишүүний тангаргыг өргүүлэхээр УИХ-д шийдвэрээ өргөн мэдүүлсэн бол УИХ хэлэлцэх үүрэгтэй. Хугацааны хязгаар заагаагүй. Хэрвээ энэ асуудалд хууль зөрчсөн үйлдэл байна аа гэж хохирогч тал үзэж байгаа бол өөрсдийнхөө шугамаар шүүхэд асуудал үүсгээд маргаан үүсгэх нь тэдний эрхийн л асуудал. Түүнээс УИХ-ын гишүүд шүүхийг шүүх эрх байхгүй.
-МАН-ын зүгээс “Шүүх процесс дуусаагүй” гэдэг тайлбар хийгээд байгаа л даа?
-Шүүхийн процесс дуусаагүй гэдэг асуудлаа Ардын намынхан шүүхдээ өгөөд шийдүүлэх ёстой. Түүнээс Ардчилсан намд асуудлыг хэлснээр Ардчилсан нам түүнийг зохицуулдаг эрх зүйн орчин Монголд байхгүй. Нам намаараа шүүх, шүүхээрээ, Засаг засгаараа л байх ёстой.
-Нэгдсэн төсвийг арваннэгдүгээр сарын 15-нд батлах хуулийн шаардлага байгаагаас Ардчилсан нам энэ удаад буулт хийж, Өвөрхангайн хоёр гишүүний тангараг өргөх асуудлыг хойшлууллаа гэсэн хардлага байна. Хэрвээ дээр заасан хугацаанд УИХ улсын нэгдсэн төсвийг баталж чадахгүй бол тарах ёстой?
-Ардчилсан нам нэгдсэн төсвийн хуульд баригдаж буулт хийгээгүй, асуудлыг зарчмын хувьд шийдээд явах нь зөв байсан. Тэгэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга эхлээд төсвөө хэлэлцээд явах ёстой гэдэг байр суурь илэрхийлсэн учраас бид хүндэтгэлтэй хандсан. Ер нь хууль хуулиараа явах ёстой. Айлд аав гэж байдаг бол аавынхаа үгэнд ордог хүүхдүүд шиг энэ улс орон амьдрахгүй бол болохгүй. Тэгэхдээ аав нь буруутай хүүхдүүдээ үргэлж хамгаалаад байж болохгүй шүү дээ. Энэ нөхцөлд асуудал буруу тийшээ явна. Ийм агуулгаар нь Ардчилсан нам асуудалд хүндэтгэлтэй хандсан. Улсын нэгдсэн төсвийг УИХ арваннэгдүгээр сарын 15-ны дотор багтаан батлах ёстой. Бид болж өгвөл арваннэгдүгээр сарын 10-дын дотор багтаагаад төсвөө баталчихъя гэсэн бодолтой байна. Ардын намынхнаас би ний нуугүй гуйсан, “Нөхдүүд минь нэг удаадаа ойлголцоод буулт хийж байхад гар бариад бугуй барина гээч болчихвоо. Төсвийг улстөржүүлээд, дахиад нэг жижиг зүйл дээр улстөр хийгээд саатуулах ажил байх ёсгүй. Үнэхээр буруу зүйл байгаа бол ярилцана, ойлголцоно” гэсэн. Монголын ард түмэн нэг л ард түмэн. Улсын нэгдсэн төсөв ард түмний эрх ашигт нийцэж батлагдах ёстой. Тэр утгаараа ойлголцоод зөвшилцөөд явах ёстой болохоос биш ганц нэг зарчмын зөрүүтэй саналыг өлгөж аваад элдэв янзын асуудал болгоод дүрд нь ороод тоглоод байж болохгүй шүү дээ.