Төсвийн хэлэлцүүлэг эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.10.24-нд нийтлэгдсэн

Төсвийн хэлэлцүүлэг эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын 2013 оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээр боллоо. Сангийн сайд Ч.Улаан уг асуудлаар илтгэсэн юм.
Төсвийн хуулийн төслийг хэлэлцэж буйтай холбоотойгоор Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд болон “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2013 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэргийг хамтатган хэлэлцэнэ гэдгийг Сангийн сайд хэллээ.

Ирэх жилээс тэтгэмжийн даатгалын хувь хэмжээг нэмэгдүүлж, ажилгүйдлийн даатгалд өөрчлөлт оруулах аж. Ингэснээр Тэтгэмжийн сангийн хэвийн үйл ажиллагааг хангана гэлээ. Нийгмийн даатгалаас тэтгэвэр авч буй болон шинээр тэтгэвэр авах  иргэдэд эдгээр нь хамаатай аж. ДНБ-ний хэмжээ буурахаар байгаа тул зарим тоон үзүүлэлтийг өөрчилж,  төсвийн орлого, зарлага, алдагдлын хэмжээнд өөрчлөлт оруулахаар болсон байна. Нийтэд хавтгайруулсан халамж тэтгэмж үзүүлэхгүй. Зөвхөн 0-18 насны хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгон хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжихээр болсныг сайд хэллээ.

Эрдэс баялгийн үнэ, хэмжээ, үзүүлэлт нь ДНБ-ний хэмжээг бууруулахуйц байгаа ажээ. Иймээс 2013 оны Төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулахаар болсныг Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтэд дурдсаныг гишүүн С.Ганбаатар илтгэлээ. Одоо гишүүд төсвийн асуудлаар хэлэлцүүлэг эхлүүлж байна.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж