Монголын кино урлагт 22 жил хөдөлмөрлөхдөө “Цогт тайж” киноны цэцэрлэгч өвгөн, “Ардын элч” киноны дэн буудлын эзэн “Өглөө” киноны Дуйнхар зайран, “Хонины найр” киноны Вандан, “Хүний сайхан сэтгэл” киноны Дэнзэн зэрэг 40 гаруй киноны гол дүр бүтээж, бүтээсэн дүрээрээ “Төрд хэрэгтэй зайран” хэмээн хүндлэгдсэн дэлгэцийн урлагийн нэрт төлөөлөгч байсныг үзэгчид сайн мэднэ.
Мөн “Гологдсон хүүхэн”, “Нүгэл буян”, “Зэрэг нэмэхийн өмнө”, “Тамирын охин”, “Хонины найр” зэрэг уран сайхны киноны ерөнхий найруулагч, “Морьтой ч болоосой”, “Өндөр ээж”, “Хоньчин Найдан” киноны зөвлөх буюу хоёрдугаар найруулагчаар ажилласан аж. Түүнчлэн театр, киноны залуу боловсон хүчин бэлтгэх үйлсэд хүчин зүтгэж 1943-1948 онд Урлагийн сургуульд уран чадварын багшаар ажилласан төдийгүй гавьяат жүжигчин Е.Гомбодоржийн хамт жүжигчний уран чадварын анхны сурах бичиг болох “Жүжигчний ажиллагаа” ном бичсэн байна. Мөн “Хатанбаатар Магсаржав”, “Мөнхийн гавьяа” жүжгийн зохиол “Оросын гарам”, “Сурагчдад зориулсан шог үзэгдлүүд”, “Ардын уртын дуунууд” ном хэвлүүлэн, “Малчин бүсгүй” тэргүүтэй 20 гаруй шүлэг дууны үг бичиж, 1936 онд “Уран зохиолч” цолоор шагнуулж байсан. Орчуулгын 70 гаруй уран сайхны 78 дүрд Монголын уран сайхны 10-аад кинонд дуу оруулсан гээд олон талт авьяастай уран бүтээлч хүмүүн байсныг үр хүүхэд, уран бүтээлчид дурсаж байна.
Д.Чимэд-Осор 1912 онд Архангай аймгийн Өлзийт суманд төржээ. 1936-1948 онд Улсын төв театрт жүжигчин, 1948-1950 онд Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт найруулагч, уран сайхны удирдаач, 1960-1982 онд “Монгол кино” үйлдвэрт жүжигчин, найруулагчаар ажиллаж байгаад Ардын жүжигчин болжээ.
Ч.БОЛД: МИНИЙ ААВ “ЭЭЖИЙГЭЭ ХАЙРЛАЖ ЯВААРАЙ”
ГЭЖ ЗАХИДАГ БАЙСАН
Үзэсгэлэнгийн үеэр өмнө Д.Чимэд-Осор гуайн хүү Ч.Болдтой цөөн хором ярилцлаа.
-Аавынхаа мэндэлсний 100 жилийн ойд зориулж ямар ямар ажил хийх вэ?
-Энэ жил манай аавын мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээг “Төрд хэрэгтэй зайран” үзэсгэлэнгээр нээж байна. Цаашид цуврал арга хэмжээ явагдана. УДЭТ-тай хамтарч уран бүтээлийн үдэшлэг зохион байгуулах, СУИС-тай хамтарч Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах, ирэх сард МҮОНТ-ээр кино долоо хоногийг зохионо. Дурсамжийн ном хэвлүүлнэ. Төрсөн нутагт нь очиж уулзалт хийх гээд олон ажил хийнэ.
-Уран бүтээлч хүнийх нь хувьд дурсвал?
-Уран бүтээлчийнх нь хувьд үнэлж дүгнэж чадахгүй юм даа. Учир нь би урлаг судлаач шүүмжлэгч биш. Үзэгчийн нүдээр л уран бүтээлийг нь үздэг. Бүх уран бүтээл нь сайхан зүрх сэтгэлд хоногшин үлджээ. Дайсны дүрд тоглосон дүр нь ч сайхан санагддаг шүү дээ.
-Тайз, дэлгэцийн бүтээлд нийт хэчнээн гол болон туслах дүр бүтээсэн байдаг юм бол?
-Театрын болон кино дэлгэцнээ нийлээд 130 гаруй дүр бүтээсэн. Монголын театрт 24 жил хөдөлмөрлөж, кино урлагт 22 жил зүтгэсэн хүн дээ.
-Таны аав амьдрал дээр ямархуу хүн байв. Үр хүүхдүүдээ юу гэж сургаж хүмүүжүүлсэн бэ?
-Сайхан аав байсан. Хань ижилдээ түшигтэй, үр хүүхэддээ хайртай аав. Бидэнд “Ээжийгээ л хайрлаж яваарай” гэж ганцхан үгийг захиадаг байсан. Миний ээж 80 настай буурай бий.
-Үр хүүхдүүдээс нь аавынхаа мэргэжлийг өвлөсөн хүн бий юу?
-Даанч байхгүй юм даа. Гэхдээ урлагт элэгтэй хүүхдүүд бий шүү.
Ш.ДОНДОВ: МИНИЙ ХАНЬ ХҮНИЙ ХАЙЛАН БАЙСАН
“Өнөөдөр миний ханийн 100 насных нь ойг угтаж үр хүүхэд, ах дүүс, ахмад үеийн уран бүтээлч шавь нар нь хамтарч “Төрд хэрэгтэй зайран” үзэсгэлэнг нээж байгаад баярлаж байна. Миний хань хүний дээдийн дээд хайлан байсан. Үр хүүхэд, хань ижил, ах дүү нартаа өмөг түшигтэй. Хангай шиг түшигтэй ханьтайгаа 30 гаруй жил амьдарсан би азтай хүн. Биднийхээ өмнөөс ширүүн дуугарч үзээгүй. Уран бүтээлийг нь онцлоход сэтгэлд хамгийн тод үлдсэн нь “Хүний сайхан сэтгэл” киноны Дэнзэнгийн дүр сэтгэлд буудаг юм. Ер нь бүх дүрд нь хайртай. “Малчин бүсгүй” дууг нь сонсоод нулимс гаргаснаа нуусангүй ээ”
ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЛХА.ДОЛГОР: БАГШИЙНХАА УУГАН ШАВЬ НЬ БАЙЛАА
“Миний багш мундаг жүжигчин, найруулагч гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Жинхэнэ дүр бүтээж чаддаг чадварлаг жүжигчин хүн байсан. “Цогт тайж” киноны цэцэрлэгч өвгөн, “Тунгалаг тамир”-ын эсэргүү ламын дүрийг онцолмоор байдаг юм. Хувь хүнийхээ хувьд хүн чанар сайтай хүнлэг. Хамт явахад амьдралд дандаа хэрэгтэй зүйлсийг ярьж, хэлж, зөвлөж өгдөг. Хамтарч уран бүтээл хийж байгаагүй ч багшийнхаа ууган шавь гэж явдаг. Надтай уулзахаараа “Юм бичүүлмээр байна” гэдэг ч бид хоёр тааралдах нь ховор байсан. Би УДЭТ-т, багш маань “Кино үйлдвэр”-т байдаг. Манайд дуудлагаар ирж тоглохдоо бүх өрөөг шагайдаг. Театртаа их элэгтэй хайртай хүн байсан. Хамгийн сүүлд багштайгаа 1980 хэдэн онд баруун аймаг руу тоглолтоор явахдаа уулзахад бие нь их хүнд байсан. Надад “Баруун аймгууд их хүйтэн шүү. Дулаан хувцаслаж яваарай” гэж захиж билээ. Тэгээд л уулзаж чадаагүй юм даа.
КИНО НАЙРУУЛАГЧ Г.ЖИГЖИДСҮРЭН: ШУКАРЬ БАГШ БОЛ УРАН БҮТЭЭЛЧ ХҮНИЙ ХУВЬД АРВАН ХУРУУ ТЭГШ ХҮН БАЙСАН
“Буянтай хүний нэр гэдэг хэдэн жилийн дараа ч гэсэн мөнх л байдаг юм байна даа. Өнөөдөр кино болон театрынхан бүгд л ирсэн байна. Бид бие биенээ харахгүй их удаж байна шүү дээ. Би 1961 онд Шукарь багшийн анхных нь бие даан найруулсан уран сайхны кино “Гологдсон хүүхэн”-д би туслах найруулагчаар ажилласан юм. Ийм хувь заяа тохиосон. Тэгж бид хоёр жил гаран ажилласан. Тиймээс маш ойр явсан л даа. Өнөөдрийн арга хэмжээ зохиогдсонд би их баярлаж байна. Арван хуруу тэгш хүн байдаггүй л юм гэсэн. Шукарь багш бол уран бүтээлч хүнийхээ хувьд арван хуруу тэгш хүн байсан гэж би хэлнэ. Яагаад гэвэл гайхалтай сайн жүжигчин. Хүний хувьд хачин энгийн, их ухаалаг хүн байсан юм. Надад “Жүжигчин хүнд ном уншаад, юм заадаггүй юм шүү дээ. Ерөөсөө хүн бүхэн өөрийн түлхүүртэй. Жүжигчин бүхэн өөр хандлагатай. Хэнд яаж хандана гэдэг бол жүжигчнээс шалтгаална. Тиймээс эхлээд жүжигчнээ судал. Тэгж байж чи жүжигчинтэй ажиллаж, жүжигчнийхээ дотоод сэтгэл, ертөнцийг нээнэ” гэж хэлдэг байсан. Энэ бол мундаг ухаалаг сургааль байгаа биз. Бас намайг киноны сургуульд явахад Шукарь багш хэлж байсан. Би их багаасаа юм бичсэн хүн л дээ. Тийм болохоор “Чи энэ бичдэг ажлаа битгий орхиорой миний хүү” гэж байсан юм.
Амьдралын хувьд багш дардан замаар яваагүй. Театраас гурван удаа явсан байдаг. Анхны гэр бүлийнх нь хүн бурхан болж, нутаглуулчихаад гурав хоногийн дараа багш тайзан дээр гарчээ. Нэг жүжгийн хайрын хэсэг гардаг. “Жүжигчин хүний амьдрал гэдэг ямар хэцүү юм бэ гэдгийг би гал түлээгүй хүйтэн гэрт жүжгээ тараад орой ирээд дээшээ хараад орон дээр хэвтэж байхдаа бодсон юм. Тэгээд би ерөөсөө энэ ажлыг больё гэж өргөдлөө бичээд өгч байсан гэж өөрөө надад ярьж байсан. Энэ бол нэг дэх явдал. Багшийг сайн бүтээл хийгээд гараад ирэхээр нь хажуунаас нь маажиж, малтаж, өөлж, няслах гэдэг байж. Үүнд л гомдоод театраас явсан байгаа юм. Гэхдээ эргэж ирсэн л дээ. Үүнийг надад Шаравдоо гуай ярьсан юм. Сүүлийнх нь бас л хоёр дахьтай адилхан юм билээ. 1950-иад оны дундаар кинонд ирчихээд байхад нь урьж тоглуулахад мундаг дүр бүтээсэн шүү дээ. Би “Хатанбаатар” киног хийх гээд арваад жил шахуу явсан. Ерөөсөө нэг л болж өгөхгүй байлаа. Тэгээд би больё доо багш минь гэтэл “Чи ингэж мохож, шантарч болохгүй. Уран бүтээлч хүн бол хийе гэсэн юмаа барь, шүүр, хий, хүртээ. Тэгж байж уран бүтээлч хүнээс юм гарна” гэж байсан юм.
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ Т.ГАЛСАН: ИХ АХ МААНЬ АМЬД СЭРҮҮН БАЙГААГИЙН ШИНЖ
М.Шолоховын “Сэтгэлийг шинэтгэсэн нь” гэдэг жүжигт тоглолоо. Тэр үеийн их сургууль оюутнуудаа хагас бүтэн сайнд “Элдэв”-т аваачиж бүжиглүүлдэг, эсвэл эргэн тойронд нь байгаа театрт эргэлдүүлж их урлагтай танилцуулдаг сайхан байлаа. Тэгээд би тэр жүжгийг үзсэн. Нэг яруу найрагч ингэж бичсэн байна.
Монголын дээдэс сайхан хүмүүс байсан юм
Морьтой уул, мөртэй үүл байсан юм
Дэлхийн нүдэнд миний дээдэс
Дэлтэй хөх чоно байсан юм
Дээдсээ мэддэг бидний сэтгэлд
Дээлтэй сайхан бурхад байсан юм… гэж нэг яруу найрагч бичсэн байдаг. Тийм сайхан бурхдын нэг ганцхан хүн атлаа хэдэн тэрбум хүний сэтгэлийг жүжгийн хүрээлэн, дэлгэц хоёрт хурааж чадсан, хэдэн зуун шилдэг сайхан дүр бүтээсэн энэ Өөлд өвгөний 100 жилийн ойд ирсэн хүмүүс багтахгүй байна. Энэ бол их ах маань нас барсан атлаа амьд байгаагийн шинж юм.
Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ