Хятадын шинэ удирдагч гэгдэх Си Жинпин

Хуучирсан мэдээ: 2012.10.24-нд нийтлэгдсэн

Хятадын шинэ удирдагч гэгдэх Си Жинпин

Хятадын шинэ удирдагчаар тодрох магадлал өндөр байгаа Си Жинпиний талаар шуугих болсон ч дэлхийн том гүрний дараагийн удирдагч гэгдэхээс өмнө түүний амьдралын талаарх мэдээлэл олон нийтэд нууцлаг хэвээр байсан юм. Их гүрний шинэ удирдагчийг тодруулах хугацаа ойртох тусам гадны хэвлэлүүд түүний бага, залуу нас болоод хувийн амьдралын талаар дэлгэх болжээ.

1953 онд Шаньси мужийн Фупин хотод төрсөн тэрээр хувьсгалч, улс төрийн зүтгэлтний хүү гэнэ. Аав Си Жунсун нь хувьсгалын удирдагчдын нэг байсан бөгөөд Мао Зидуны тушаалаар гянданд хүртэл хоригдож байжээ. Эсэргүүний хүүхэд хэмээн адлагдаж өссөн Си Жинпин 1962 онд Мао Зидун таалал төгсч, аав нь ч шоронгоос суллагдан, улмаар Засгийн газрын гишүүн хүртэл дэвшсэнээр амьдрал нь орвонгоороо өөрчлөгджээ. Циньхуагийн их сургуульд Марксист онол судалж, дараа нь хуулийн чиглэлээр суралцсан түүнийг сүүлийн 20 жилийн элит, нэр хүнд бүхий улстөрч хэмээн магтсан утга агуулга бүхий мэдээлэл сүүлийн үед Хятадын эх сурвалжуудаар гарах болсон байна.

Түүнчлэн Сиг улстөрийн зүтгэлтний хүү, элит улстөрч мөн гэсэн тодотгол болоод сүүлийн 20 жилийн хугацаанд Хятадын хөгжилд оруулсан хувь нэмрийг олон сая хятадууд хүлээн зөвшөөрдөг гэсэн хоёр хүчин зүйл нэр хүндийг нь өндөрт өргөжээ.

Си 1974 онд Коммунист намд элссэн бөгөөд залуугаасаа шат дараалан ахиж, дэвшсээр 2008 онд БНХАУ-ын дэд даргаар сонгогдсон байна. Энэ үеэс түүнийг Хятадын дараагийн удирдагч хэмээх болжээ.

Тэрээр Хятадын дэд даргаар ажилласан хоёр жилийн хугацаанд АНУ, ОХУ зэрэг томоохон гүрнүүдэд айлчилж, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нартай чухал яриа, хэлэлцээ хийж, олон улсад танигдаад байгаа юм. Тиймдээ ч Си Жинпин Хятадын дараагийн удирдагчаар тодроход гайхах зүйлгүй хэмээн АНУ-ын Засгийн газрын төлөөлөгчид удаа дараа мэдэгдэж байлаа.

Харин хувийн амьдрын хувьд тэрээр Рин Лиюань хэмээх дуучин эхнэртэй бөгөөд түүнийг нөхрийнхөө улс өрийн карьерт эергээр нөлөөлсөн гэдэг. Тэрээр гэр бүлийнхээ хамт 1985 онд Лос-Анжелест түр хугацаагаар амьдарч байсан аж. Сигийн хамгийн хийх дуртай зүйлүүд нь ном унших, усанд сэлэх, телевизээр спортын суваг үзэх гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж