“Буйдандсан” гишүүдэд хариуцлага хүлээлгэх ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2012.10.24-нд нийтлэгдсэн

“Буйдандсан” гишүүдэд хариуцлага хүлээлгэх ёстой гэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан халуухан боллоо. Хуралдааны үеэр гишүүн Р.Бурмаа өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гаригуудад болсон МАН-ын гишүүд, дэмжигчдийн жагсаалын үеэр УИХ-ын гишүүдийн биед жагсагчид халдаж байхад Төрийн ордны хамгаалалтын ажилтнууд жагсагчдыг тайвшруулах, хориглох ямар нэг арга хэмжээ авалгүй хараад зогсч байсныг хэлж, хамгаалалтын ажилтнууд чухам ямар эрх, үүрэгтэй хүмүүс болохыг тодруулахыг хүссэнээр асуудал эхэлсэн юм. Гишүүний бие, гэр, албан тасалгаа, машин зэрэг халдашгүй дархан эрхтэй гэдэг хуулийн заалт түүгээр зөрчигдсөн гэж гишүүн үзжээ.

Хуралдаанд энэ талаар тайлбар авахаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Төрийн ордны хамгаалалтын албаны дарга хурандаа Г.Лхагвасүрэн, Төрийн тусгай хамгаалалтын газрын хуулийн зөвлөх хошууч н.Тогтохням нарыг оролцууллаа.

Гишүүн Р.Бурмаагийн хэлснээр өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн өглөө түүнийг туслахын хамт Төрийн ордонд ажилдаа ирэхэд хаалгыг нь жагсагчид хааж нэвтрүүлэхгүй байснаар үл барам зарим нь түүний биед халдаж цохиж авчээ. Энэ үед хамгаалалтын албаны гурван ажилтан хаалга хамгаалж байсан ч гишүүний биед халдаж байхад жагсагчдад тайван байхыг сануулах, “Боль” гэж хориглох зэрэг ямар нэг арга хэмжээ аваагүй, гишүүнийг өөр хаалгаар ор гэж зааж өгөөгүй аж. Гишүүн өөр хаалгаар орохоор явахад жагсагчид түүнийг элдвийн үгээр дайрч доромжилж байжээ. Энэ талаар Р.Бурмаа гишүүн “Төрийн ордны хамгаалалтын ажилтнууд зөвхөн байшин, хөрөнгө, эд зүйл хамгаалдаг уу. Гишүүний биед жагсагчид гар хүрч байхад ямар ч үг хэлэхгүй зүгээр хараад зогсч байсан. Ер нь гишүүнд гар хүрч байхад хараад зогсч байх ёстой юу. Харуулууд юу хийж зогсдог вэ” гэлээ.

Гишүүн З.Баянсэлэнгэ ийм яриа гарсны далимаар өнгөрсөн жил болсон жагсаалын үер прокурорт гар хүрсэн гэх асуудлаар өөрт нь хэрэг үүсгэснийг сөхөөд авав. Тэрбээр “Харуулууд УИХ-ын гишүүдийг таньдаггүй юм болов уу. Үүдээр орохоор үнэмлэх шалгаад зогсоод байдаг. Янз бүрийн асуудал үүсэхэд байрнаасаа хөдлөх эрхгүй гэж хэлдэг. Ер нь хуулийн байгууллага ажлаа хийж байна уу. Жагсаал цуглаан ямар хэлбэртэй, ямар хор хохиролтой байгаа вэ гэдгийг хуулийн байгууллага шалгаж тогтоох арга хэмжээ авах хэрэгтэй. Өнгөрсөн оны аравдугаар сард хэнийг ч хохироогоогүй байхад намайг гарын үсэг цуглуулсны төлөө 14 хоног хорьсон. Рецедив гэмт хэрэгтэн мэтээр дохио дуугаргаад аваад явсан. Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй гэдгийг зарим үед зөрчөөд байна уу. Прокурорт гар хүрсэн гэж намайг хилс хэргээр шүүж байсан. Үүнийг өмнөх практиктай хамт шалгаж үзээч” хэмээн хэлэлцэж буй асуудлаас тэс хөндлөн зүйл сөхсөн ч түүнийг хэрэг болгож авч хэлэлцсэнгүй.

Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, хурандаа Г.Лхагвасүрэнгийн тайлбарласнаар бол Төрийн ордонд дотуур, гадуур хамгаалалт гэж байдаг. Төрийн ордны хамгаалалтын бүс хашаагаар хязгаарлагддаг. Хашаан дотор байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг Төрийн ордны хамгаалалтын алба хангадаг. Харин хашааны гаднахыг цагдаагийн байгууллага хариуцдаг юм байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, төрийн зарим албан хаагчийг төрийн тусгай хамгаалалтаар хамгаалдаг. Харин УИХ-ын жирийн гишүүдийг биечлэн хамгаалах хуулийн заалт, зохицуулалт байхгүй гэлээ.

Хуулийн зөвлөх, хошууч н. Тогтохням “Төрийн тусгай хамгаалалтын ажилтны эрх тусгай хязгаарлалттай. Ордны хашаан дотор хамгаалдаг. Тухайн жагсаал болсон өдөр манай зүгээс ЦЕГ-т албан бичгээр хандаж дэмжлэг хүссэн” гэлээ.

Гишүүн З.Энхболд жагсаал болсон өдрүүдэд хамгаалалтын алба сайн ажиллаагүйг хэллээ. Төрийн ордны тухай хуулийг зөрчсөн тохиолдолд торгох арга хэмжээ авдаг. Мөн УИХ дахь МАН-ын харъяалалтай гишүүд ордны хамгаалалтын бүс болох ордон дотор суулт хийж чуулганы танхимыг хаасан нь ч торгууль хүлээх зөрчил мөн гэж тэрбээр хэлж байсан юм.Гишүүн С.Бямбацогт уг суулт нь гишүүдийг яллах, торгоход хүргэх асуудал биш хэмээн хариу мэтгэлцлээ.

Жагсч сурсан, жагсах ёс горимыг сайн мэддэг гишүүн Д.Батцогт АНАТХ-ын жагсаал, Ардын намын жагсаал хоёрт өөр өөр хандах ёсгүй. АНАТХ-ын жагсаалыг Сүхбаатарын талбайн тугтай хэсгээс хойш гаргадаггүй байсан, Ардын намын жагсагчид тугнаас хойш гарч жагссан гэсэн асуудал тавилаа.

Хурандаа Г.Лхагвасүрэн “Пүрэв гаригийн жагсаал нь Төрийн ордны үйл ажиллагааг хаасан буруу үйлдэл байсан. Жагсагчид хамгаалалтын бүс рүү ороогүй ч бүсийн үйл ажиллагааг хязгаарласан” гэсэн бол хошууч н.Тогтохням “ЦЕГ-ын даргад хүсэлт хүргүүлсэн. Шуурхай штабтай байнгын холбоотой байж гишүүд ийм байдалд байна, хэв журмын эргүүл явуулаарай гэж хэлсэн” хэмээлээ. Мөн Төрийн ордны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулж байгаа гэсэн юм.

Гишүүн Д.Ганбат МАН-ын харьяалалтай гишүүдээс Төрийн ордон дотор ёс зүйгүй үйлдлүүд гаргаж буйг шүүмжиллээ. “Гишүүн У.Хүрэлсүх гишүүн Г.Баярсайханыг чуулганы танхимын үүдний өрөөнд цохиж унагасан, сүүлийн өдрүүдэд чуулганы танхимын үүдийг буйдангаар дарж сууцгаасан зэрэг нь ёс зүйгүй явдал. Үүнд ордны хамгаалалтын ажилтнууд анхаарч арга хэмжээ авч байх ёстой. Гишүүд зодолдож нэг нэгээ албал дуугүй хараад байх уу” гэсэн асуудлыг тэрбээр тавьсан юм.

Гишүүн З.Энхболд “Төрийн ордны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй. Хуульд бүх зохицуулалтыг хийж өгсөн байгаа. Хууль хэрэгжихгүй байгаа нь үүн шиг ийм нөхрөөс болдог. /Хамгаалалтын албаны даргыг хэлэв/ Төрийн ордонд жагсаал, суулт, өлсгөлөн зарлавал торгох арга хэмжээ авна. УИХ-ын гишүүд Төрийн ордонд саадгүй нэвтрэх ёстой. Жагсагчид Төрийн ордны хамгаалалтын бүсд нэвтрэх ёсгүй. Гишүүд ордон дотор диван тавьж суух ёсгүй. Ажлаа хийхгүй байгаа хүмүүс ажлаа өгөх хэрэгтэй” /Хамгаалалтын албаныханд хандаж хэлэв/ гэлээ. Гишүүн С.Бямбацогт гишүүдийг намаар ялгаварлаж торгох асуудал байхгүй хэмээсэн ч З.Энхболд гишүүн намаар ялгасан зүйлгүй, хуулийн заалт ярьж байгааг санууллаа.

Байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж “УИХ-ын гишүүд хууль зөрчвөл арга хэмжээ авах ёстой. МАН-ын гишүүд УИХ-ын даргын өрөө рүү дайрч орсон, чуулганы танхмын өмнө пикет хийж хаалга дарсан. Хоёр гишүүн зодолдсон гэх мэт асуудлыг зохицуулах ёстой хамгаалалтынхан ажлаа сайн хийх ёстой” гэлээ. Тэрбээр уг асуудлаар ажлын хэсэг гархах санал хэлсэн ч З.Энхболд гишүүн “Ажлын хэсэг гаргаад байх шаардлагагүй. Сэтгүүлчид эдгээр үйлдлийг фотожуулж баримтжуулсан болохоор эдгээр нь баримттай, бодитой асуудал” гэж байв.

Хэрэв Төрийн ордны эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчиж буйдантай суулт хийсэн гишүүдийг торговол 250 мянган төгрөгөөс эхэлж торгох юм байна. Ийнхүү буйдандсан гишүүдийг торгохыг сануулж, хамгаалалтын албаны удирдлагыг ажлаа тааруу хийвэл халахыг анхааруулснаар хуралдаан өндөрлөлөө.

Тоймч: Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж