Франсис Фукуяма: ЗГ мөнгө олдог газар биш

Хуучирсан мэдээ: 2012.10.24-нд нийтлэгдсэн

Франсис Фукуяма: ЗГ мөнгө олдог газар биш

Д.Жаргалсайхан de Facto нэвтрүүлгээрээ АНУ-ын нэрт эрдэмтэн Франсис Фукуяматай ярилцсан юм. Япон гаралтай, Америкийн иргэн, Стэнфордын их сургуулийн алдартнуудын нэг түүнтэй ямар сэдвээр хэрхэн хөөрөлдсөнийг сонирхуулъя.

-Энэ нэвтрүүлэгт оролцох болсонд баярлалаа. Монголчууд бид таны илтгэлийг сонсох хувьтай байлаа. Та манай улсад хэд хоносон. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Гайхалтай байна. Монгол Улсын хөгжлийн гайхалтай мөч иржээ. Монгол бол дэлхийн хамгийн хурдацтай өсч буй эдийн засаг. Монгол Улс пост-коммунист шилжилтийг маш амжилттай даван туулсан ч гэсэн ирээдүйд олон том сорилт  хүлээж байна. Би Монгол Улсад өрнөж буй үйл явдлуудыг анхааралтай ажиглана.

-Монголчууд сайн учраас эдийн засаг өссөн биш. Эдийн засгийн өсөлт байгалийн баялагтай холбоотой. Эдийн засгийн өсөлт бол уул уурхайн салбарын орлогын үр дүн. Гэтэл Монголын хүн амын гуравны нэг хувь нь одоо ч гэсэн Дэлхийн Банкны тогтоосон өдрийн хоёр долларын стандартаас бага орлоготой амь зууж байна. Уул уурхайн салбарын орлогоос хүртэж чадна гэдэгтээ одоо ч гэсэн итгэлгүй байна. Эдийн засаг, улстөрийн шилжилтийн үйл явц өрнөсөн өнгөрсөн 20 жилийн хугацаанд зарим хүн бид зөв зам сонгосон гэдэгтээ эргэлзэж байлаа. Та пост-коммунист өөрчлөлтөд эргэлздэг хүмүүст юу гэж хэлэх вэ?

-Байгалийн баялгийг шударга хуваарилж, зарцуулж чадах хүчтэй, чадавхитай Засгийн газартай бол уул уурхайн баялгийг үр дүнтэй ашиглаж чадна. Хуучин коммунист дэглэмтэй байсан харьцангуй ядуу улс орнуудад байгалийн баялгийг хэрхэн үр ашигтай зарцуулах тухай асуудал тулгардаг. Түүхэнд байгалийн баялгийг үр ашигтай ашигласан тохиолдол олон бий. Жишээлбэл, Норвеги улс  хамгийн тод жишээ. Норвегит уул уурхайн салбарын орлогыг тусгай санд төвлөрүүлдэг бөгөөд улстөрчид нэвтрэх, захиран зарцуулах эрхгүй. Өөр жишээ ч бий. Жишээлбэл, Нигери, Ангол улсууд газрын тосны баялаггүй байсан бол илүү хөгжих байлаа. Гэвч авлига өргөн тархсан, улстөрчид нь байгалийн баялгийг хянах гэж оролддог учраас улстөрийн амьдрал нь тэр чигээрээ байгалийн баялгаас хараат болсон. Монголчууд ийм замыг сонгохоос зайлсхийх нь чухал. Монголчууд байгалийн баялгийг үр ашигтай зарцуулахын тулд институтуудын чадавхийг бэхжүүлэх хэрэгтэй.

-Хүчтэй Засгийн газар гэдэг нь Засгийн газрын институтуудын ажил үүргээ гүйцэтгэх чадварыг хэлдэг. Монгол Улсад хууль тогтоомж хангалттай олон бий. Харамсалтай нь хууль хэрэгждэггүй зовлонтой. Та Норвеги улсын талаар дурдлаа. Норвегийн институтууд нь хүчирхэг, өндөр чадавхитай. Тэд улс төрөөс хараат бус санд уул уурхайн салбарын орлогыг төвлөрүүлдэг юм байна. Энэ нь уул уурхайн салбарын орлогыг үр ашигтай зарцуулах цорын ганц зөв арга зам уу? 

-Цорын ганц зам биш. Хөгжиж буй улс орнуудын Засгийн газар аливаа улстөрийн шийдвэр гаргахдаа алагчлалгүй хандах ёстой. Өөрөөр хэлбэл нийгмийн баялгийг нийгмийн бүх анги, давхраа хүртэх ёстой. Зөвхөн улстөрчийн ойрын хүрээлэл буюу улстөрийн намын идэвхтэн дэмжигчид, найз нөхөд, хамаатан садан нийгмийн баялгийг хүртдэг байж таарахгүй. Мэдээж хэрэг хүн гэдэг өөрөө ойр дотнын хүмүүстээ анхаарал халамж тавьдаг утгаараа ураг садан, төрлийн холбоог үгүйсгэх аргагүй. Норвегийн улстөрөөс хараат бус бие даасан сан бол мөнгөний зарцуулалтыг үр ашигтай болгох, үр ашиггүй хэрэглээг хязгаарлах механизм юм. Газрын тосны салбарын орлогыг банк эсвэл мөнгө захиран зарцуулах эрхтэй яаманд хуваарилагдах боловч бүх үйл явц ил тод байдаг. Ямар зүйлд мөнгө зарцуулах шийдвэр гаргасан нь олон нийтэд ил тод байдаг. Хэрвээ боловсролын салбарт асар их мөнгө зарцуулах шийдвэр гаргасан бол сургууль болон хүүхдүүд үр дүнг нь хүртэж байх ёстой. Хүчтэй Засгийн газар гэдэг ойлголт бол хүмүүсийг шоронд хорьдог авторитар Засгийн газар биш. Чанартай, ил тод, нийгмийн баялгийг үр ашигтай шударга хуваарилдаг Засгийн газрыг хэлнэ.

-Өнөөдөр хүмүүс Засгийн газарт ажиллах сонирхолтой болжээ. Засгийн газартай холбоотой хүмүүс бусдаас илүү амьдарч, ашиг олж байх шиг байна. Дөнгөж сургууль төгссөн залуус ч гэсэн Засгийн газарт ажиллах гэж тэмүүлдэг болсон байна. Та ойр дотнын хүрээлэл, холбоо сүлбээ гэдэг зүйлийн тухай ярилаа. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

-Засгийн газрын бюрократ аппарат өндөр чадавхитай байх ёстой. Засгийн газрын албан хаагчийг зөвхөн мэргэжлийн ур чадвар, гавьяа зүтгэлээр нь үнэлж, шалгаруулдаг, орлогыг нь хязгаарладаг хатуу дүрэм журамтай байх ёстой. Жишээлбэл, АНУ-д амжилт олох хүчтэй эрмэлзэлтэй, мөнгөтэй болохыг хүссэн залуус Засгийн газар руу тэмүүлдэггүй. Учир нь Засгийн газарт ажилладаг нийтийн албан хаагч хүн бизнес эрхлэх, санхүүгийн арилжаанд оролцохыг хориглодог маш хатуу журамтай. Тийм ч учраас Засгийн газар өндөр боловсролтой, ур чадвартай хүмүүсийг татаж чаддагүй. Учир нь тэд хувийн салбарт амжилт гаргаж мөнгөтэй болсон байдаг учраас Засгийн газрыг тоодоггүй. Энэ бол эрүүл тогтолцоо. Хувийн сектор мөнгө олдог болохоос биш Засгийн газар мөнгө олдог газар биш. Хэрвээ ур чадвартай, хүсэл эрмэлзэлтэй залуу хүн бол хувийн салбарыг сонгох хэрэгтэй. Хэрвээ Засгийн газрыг мөнгө олох хэрэгсэл гэж харвал тухайн улсын ирээдүй, эдийн засаг нь авлигад идэгдсэн улстөрчдөөс хамаарах болно.

-Засгийн газар ямар төрлийн бизнес буюу үйл ажиллагаа эрхлэх ёстой вэ. Ямар төрлийн бизнес эрхэлж болохгүй вэ?

-Засгийн газрын зайлшгүй гүйцэтгэх ёстой зарим чиг үүрэг бий. Эдийн засагчид үүнийг нийтийн сайн сайхны төлөө хийх үйл ажиллагаа гэж тодорхойлдог. Хувийн сектор заавал нийтийн сайн сайхны төлөө ажиллах үүрэгтэй биш учраас Засгийн газар гүйцэтгэх ёстой. Зам, боловсрол, улс орноо батлан хамгаалах үүргийг хувийн сектор биш харин Засгийн газар гүйцэтгэдэг. Хууль дэг журам тогтоох, хүмүүсийн хоорондын маргааныг таслах чиг үүрэг ч гэсэн Засгийн газрын үүрэг.

-Цагдаа, шүүх байгууллага?

-Тийм.

-Гал сөнөөх албанаас гадна хувийн шоронгууд бий

-Хувийн гал сөнөөх алба, шорон байдаг боловч Засгийн газар санхүүжүүлдэг. Төлөх ч ёстой. Учир нь таны хөрш айлд гарсан галыг унтраах гэж та мөнгө төлөх ёсгүй. Засгийн газар төлөх үүрэгтэй.

-Нийтийн сайн сайхны төлөө үүрэг гүйцэтгэдэг хувийн байгууллагуудын чадавхи өндөр байх ёстой. Монгол Улсад иргэний агаарын тээврийн компанийг Засгийн газар эзэмшдэг. ОХУ-ын Засгийн газартай хамтарсан төмөр замын компани, зэс баяжуулах үйлдвэртэй.

-Эдийн засагчид үүнийг натураль монополь гэж нэрлэдэг. Олон тооны төмөр зам, агаарын тээврийн компани байх шаардлагагүй гэсэн утгатай. Иргэний агаарын тээврийн салбарыг хувьчилж болно. Гэвч сайн зохицуулалт шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын монополийг хувийн секторын монополиор солихоос сэргийлэх ёстой. Цахилгаан эрчим хүч, усны салбарт ч гэсэн натураль монополь үйлчилдэг. Хэрвээ хувьчилсан тохиолдолд Засгийн газрын зүгээс хувийн байгууллагуудын үйл ажиллагааг хянах ёстой.

-Эрчим хүчний хувьд ч натураль монополь үйлчилдэг юм байна. Баруун Европын өндөр хөгжилтэй улс орнууд газрыг хувьчилснаар хөгжсөн гэж ярьдаг. Нийтийн эзэмшлийн газар гэж бараг байдаггүй. Хэдэн зууны туршид хил хязгаар нь ч маш тодорхой болсон. Хүн бүр газартай, өмчтэй болох боломжийг хангажээ. Дараа нь ардчилал хэрэгжих боломж бүрдсэн гэж ярьдаг. Гэтэл энд газар ард түмний өмч биш. Бэлчээрийг хүмүүс чөлөөтэй ашигладаг. Газар эзэмшил ярихгүйгээр ардчиллыг хэрэгжүүлж болох уу?

-Маш төвөгтэй асуудал. Барууны эдийн засгийн онолд хүмүүс газартай буюу өмчтэй байж бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэж үздэг. Коммунист дэглэмийн үед үйлдвэрүүдийг төр өмчилдөг байсан учраас үр ашиггүй ажилладаг байв. Үйлдвэрийн эзэд ашиг олох эрмэлзэлгүй учраас үйл ажиллагаа нь үр ашиг муутай. Монголын хүн амын тодорхой хэсэг нь малчид. Тэд өргөн уудам нутагт чөлөөтэй нүүдэллэдэг. Монгол малчид газрыг хувааж ашиглах уламжлалт тогтолцооны дагуу амьдарч байна. Гэтэл барууны онолоор газар буюу аливаа өмч нийтийн эзэмшлийн байх нь ашиггүй гэж үздэг. Хүмүүс нийтийн зүйлээс аль болох их хэмжээгээр авахыг хүсдэг учраас өмчийг хамгаалахын тулд хувийн өмчийг дэмжих ёстой гэж үздэг. Харин энэ нь Монгол Улсад тохирохгүй. Тийм ч учраас бүх зүйлийг өмчлөх ёстой гэж ойлгох нь учир дутагдалтай. Уул уурхай, аж үйлдвэрийн хувьд өөр утгаар ойлгох ёстой. Хоёр дахь асуулт руу орохоос өмнө таны хүүхэд насны тухай асуухыг хүсч байна. Та бол япон гаралтай америк хүн.

-Таны ээж япон хүн үү?

-Тийм. Ээж минь Японд төрсөн.

-Та хүүхэд насандаа ямар хэлээр ярьдаг байсан бэ?

-Би япон хэлээр ярьдаггүй байсан. Би Нью-Йорк хотод төрсөн. Миний үеийнхэн буюу Японоос цагаачилж ирсэн хүмүүсийн үр хүүхдүүд зөвхөн англи хэлээр ярьдаг.

-Яагаад?

-Учир нь бид өөрсдийгөө япон гаралтай америк биш, харин америк хүн гэж мэдрэхийг хүсдэг. Харин өнөөдөр их өөр болжээ. Өнөөдөр америкчууд өөрсдийн гарал, үндэс угсааг тодотгохыг хүсдэг болсон байна.

-Англи хэлээр Японы түүх, өөрийн гэр бүлийн намтрыг судлах ямар байсан бэ?

-Насанд хүрсэн хойноо судалсан. Их сургуульд Японы түүхийн хичээл үзсэн. Японд миний төрөл төрөгсөд амьдардаг учраас би байнга Японд очдог.

-Монголчууд бид хоёрдмол сонголттой тулгарчээ. Монгол хүний араншин дүр төрхийг тодорхойлдог ёс зүй эсвэл соёлтой болох хэрэгтэй байна. Япончууд бүшидо, америкчууд магадгүй америк мөрөөдөл эсвэл хувь хүний эрх чөлөө гэж нэрлэх байх. Эдгээр ойлголтууд хоорондоо зөрчилддөг үү?

-Эрс ялгаатай. Бүшидо гэдэг бол самурайн ёс зүй. Нэр төрөө эрхэмлэх гэсэн утгатай бөгөөд Европын язгууртны ёс зүйтэй төстэй ойлголт. Эзнийхөө төлөө өөрийгөө золиослоход бэлэн байх чадвар. Зөвхөн материаллаг ашиг сонирхолд автах ёсгүй гэсэн утгатай. Харин америк ёс зүй бол илүү хөрөнгөтний шинжтэй. Хувийн эрх чөлөөнд тулгуурласан бөгөөд хувийн эрх чөлөөтэй байж өөрийн ур чадварыг бүрэн дайчилж чадна гэж үздэг. Тийм ч учраас зан суртахууны өөр өөр систем үйлчилдэг.

-Ийм систем үйлчилдэг Япон улс арван жилийн турш огт өсөөгүй боловч одоо ч гэсэн хүчирхэг байна?

-Арван жил ч биш бараг хорин жил. Зан суртахуунтай холбоотой гэж бодохгүй байна. Учир нь Япон улс эдийн засгийн хөгжлийн хувьд ханачихсан. Дараагийн түвшин гэдэг ойлголтыг төсөөлөхөд бэрх болжээ.

-Та АНУ-ын эрүүл мэндийн даатгалын тогтолцооны талаар юу гэж боддог вэ. Тэнд франц, канад систем гэж бий. Би өөрөө АНУ-д амьдарч байсан. Эрүүл мэндийн даатгалгүй бол эмчид үзүүлэх боломжгүй. АНУ-ын хүн амын 10-20 хувь нь даатгалд хамрагдаагүй байдаг юм билээ?

-Америкийн эрүүл мэндийн тогтолцоо үнэхээр санаа зовмоор санагддаг. АНУ-д нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардал бусад өндөр хөгжилтэй улс орнуудтай харьцуулахад хоёр дахин өндөр боловч үр дүн муутай. АНУ-ын эрүүл мэндийн тогтолцоо үр ашиггүй гэдгийг туршлага нотолсон. Хэрвээ та том компанид ажилладаг бол эрүүл мэндийн даатгалд санаа зовних шаардлагагүй. Хэрвээ та эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эсвэл тогтвортой ажил эрхэлдэггүй бол даатгалд хамрагдах боломжгүй. Даатгалгүй бол эрүүл мэндийн үйлчилгээ маш өндөр үнэтэй.

-Гэтэл Англи, Францад эмч нар таны гэрт ирж, танд эм бичиж өгдөг. Эрүүл мэндийн үйлчилгээ нь харьцангуй хямд. Социалист системийн үед эмнэлгийн үйлчилгээ үнэгүй байв. Харин өнөөдөр монголчууд бид америк, франц, канад хувилбарын алийг нь сонгох вэ?

-Холимог хувилбарууд бий.

-Жишээлбэл, Швейцарь, Голланд улсад хүмүүс хувиараа даатгал төлдөг боловч Засгийн газар эрүүл мэндийн даатгалын зах зээлийг хөндлөнгөөс зохицуулж хүн бүр даатгалд хамрагдсан эсэхийг шалгадаг. Тийм ч учраас би аль нэг системийг сонго гэж зөвлөхгүй. Хамгийн гол нь хүн бүр даатгалд хамрагдсан эсэх баталгаа гаргах нь Засгийн газрын үүрэг. Өндөр хөгжилтэй улс орнуудын нийгмийн гол тулгуур нь дунд давхарга. Гэтэл Монголд дунд давхарга гэдэг ойлголт бараг алга. Хүн ам ерөнхийдөө ядуу байна. Та чанартай дунд давхарга гэдэг ойлголтыг хэрхэн тодорхойлох вэ?

-Юуны өмнө нийгмийн дунд давхарга гэж юу болохыг тодорхойлох хэрэгтэй. Энэ бол зөвхөн эдийн засгийн категори биш. Зарим эдийн засагчид хүмүүсийг орлогоор нь дунд давхарга гэж ангилдагтай би санал нийлдэггүй. Дунд давхарга гэдэг ойлголт нь боловсролтой холбоотой. Учир нь хүний материаллаг өмч бол хүний амьдралын баталгаа биш. Хамгийн гол нь боловсрол юм. Сайн боловсрол эзэмшсэн бол та гадаад ертөнцтэй холбоо тогтоож, таны үзэл бодол харах өнцөг өөрчлөгдөнө. Өндөр боловсролтой хүмүүс Засгийн газартай бие даан харьцаж, шаардлага тавьж чаддаг. Олон нийтийн дунд маргаан мэтгэлцээн өрнүүлж, өөрийн ашиг сонирхлыг хамгаалж чаддаг болно. Тийм ч учраас дунд давхаргад харьяалагддаг хүмүүсийн тоог нэмэх нь ардчиллын удаан хугацааны амжилт үр дүнгийн илрэл. Хүн амын дийлэнхи хэсэг нь дунд давхаргад харьяалагддаг хэт баян ч биш, хэт ядуу ч биш байх тухай ойлголт. Латин Америкийн улс орнууд бол нийгмийн тэгш бус байдлын илэрхийлэл. Нийгмийн цөөнхи нь хэт баян. Олонхи нь ядуу. Тийм ч учраас улстөрийн зүүн, барууны үзэл баримтлалуудаас үүдэлтэй сөргөлдөөн, үзэн ядалт оршдог. Ард иргэд нь ядуу учраас популизмд автдаг бол Засгийн газар нь консерватив байх жишээтэй.

-Монголд өөр өөр үзэл баримтлалтай улстөрийн намууд олон бий. Энэ нь үүнтэй холбоотой юу?

-Улстөрийн намуудын тоо нь нийгмийн тэгш бус байдалтай холбоотой гэж бодохгүй байна. Би энд хэдхэн хоног байсан. Гэвч миний ажигласнаар эдийн засгийн эрчимтэй өсөлтөөс өмнө монголчууд харьцангуй адил тэгш байжээ. Нүүдлийн мал аж ахуй эрхэлдгээс гадна мөнгө олох, баяжих боломжтой том үйлдвэрүүд байгаагүй учраас хүмүүсийн орлогын түвшин ойролцоо байжээ. Харин уул уурхайн салбарын тусламжтайгаар нийгмийн тодорхой хэсэг нь баяжих боломжтой болжээ. Одоогийн байдлаар Монгол Улсад баян хоосны айхавтар ялгаа байхгүй боловч энэ асуудалд анхаарал хандуулахгүй бол тун удахгүй баян, хоосны ялгарал явагдана.

-Монголчууд уул уурхайн салбарын энэ их ашгаас хэрхэн хүртэх вэ?

-Энэ асуултад нэг хариулт өгөх боломжгүй. Хамгийн гол нь Засгийн газар энэ мөнгийг ашиглан ирээдүйд хөрөнгө оруулах хэрэгтэй. Эрчим хүч экспортлох замаар гадаадаас их хэмжээний мөнгө татаж хараат бус санд төвлөрүүлсэн улс орнуудын сайн жишээ бий. Энэ бол үр дүнтэй хувилбар. Учир нь уул уурхайн салбарын орлогыг түргэн хугацаанд зарцуулбал авлига газар авч, орлогыг хэрхэн зарцуулах тухай маргаан дэгддэг. Хараат бус санд төвлөрүүлсэн мөнгийг зөвхөн нийтийн сайн сайхны төлөө үр ашигтай зүйлд зарцуулах нь чухал. Уул уурхайн салбараас хэдий хэмжээний мөнгө олсон, хаана хадгалж, юунд зарцуулах ёстойг олон нийт мэддэг байх ёстой.

Эх сурвалж: ӨДРИЙН ШУУДАН сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж