2001 онд Тайландын хааны санаачлагаар байгуулагдсан Азийн хамтын ажиллагааны чуулга уулзалт (ACD) өнгөрсөн арван жилийн хугацаанд Засгийн газар түүний дотор Гадаад харилцааны сайд нарын түвшинд явж ирсэн бөгөөд энэ сарын 15-17-нд дээд хэмжээнд Кувейтийн нийслэл Эль-Кувейтэд болсон юм. Кувейтийн эрхэм дээд эмир, шейх Сабах аль-Ахмед аль Жабер ал Сабах, Тайландын Ерөнхий сайд Инглук Чинноват нарын удирдан явуулсан уг дээд хэмжээний чуулга уулзалтад Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадижанежад, Бангладешийн ерөнхийлөгч Зиллүр Рахман, Шриланкийн ерөнхийлөгч Махинда Ража Ражапакса болон, Оман, Брунейн султан, Бахрейн хаан, АНЭУ-аас дэд ерөнхийлөгч болон гишүүн 32 орны төлөөлөгч оролцсон. БНХАУ-аас БХАТИХ-ын байнгын хорооны дэд дарга, Япон, БНСУ-аас гадаад харилцааны дэд сайдын түвшинд ирсэн байлаа. Манай улсаас ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд О.Дамбийням оролцсон. Хурлын үеэр орон бүрээс ирсэн төлөөлөгч үг хэлсэн.
Дэлхийн хүн амын 60, газар нутгийн 30 хувийг эзлэх эл бүс нутгийн өмнө тулгамдаж буй бүх асуудал, түүний ирээдүйн хөгжлийн талаар бүтэн хоёр өдөр хэлэлцсэн юм. Дэлхийн газрын тосны нөөцийн 10, эрчим хүчний 30 хувийг эзэгнэж буй бүс нутгийн хувьд хөгжлийн эрс тэс ялгаатай байдлыг арилгах, амьдралын чанар гэдэг үг энэ өдрүүдэд олон давтагдаж байлаа. Ажилгүйдэл, ядуурлыг үндсээр нь устгах, хүний эрх, ардчиллыг хөгжүүлэх зэрэг улс төрийн асуудлууд анхаарлын гадна орхигдоогүй ч эдийн засгийн хүчтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх нь энэ удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтын гол зорилго байсан юм. Цаг уурын өөрчлөлт, дулаарал, давсжилт, байгалийн гамшиг,бохирдол, эм бэлдмэлийн үйлдвэрлэлийг дэмжих, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын тусгай уулзалт зохион байгуулах зэрэг замаар элдэв өвчний тархалтыг хязгаарлах, хөдөө аж ахуйн салбарт шинэ технологи нэвтрүүлэх, судалгаа шинжилгээ, худалдааг хөхиүлэн дэмжих замаар хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлж, санхүүгийн шинэлэг хөшүүргийг ашиглан хүн амын эрүүл мэндийг хамгаалах, одоо тулгамдаж буй эдийн засгийн хямрал, чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалтад тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, бусад тив бүс нутагт оруулах Ази тивийн нэгдсэн хөрөнгө оруулалтыг дэмжих, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт мэдлэг туршлагаа харилцан солилцох, сэргээгдэх болон шинэ эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох ажлыг харилцан дэмжих, Азийн Хамтын Ажиллагааны чуулга уулзалтын Эрчим хүчний үйл ажиллагааны төлөвлөгөө батлах, Малайзийн Их Сургууль зэрэг Азийн мэргэшсэн их сургуулиудыг дэмжих, шинээр байгуулах гээд хөндөөгүй сэдэв байсангүй. Энэ бүх салбарыг хөхиүлэн дэмжсэн хамтын ажиллагааг хэрхэн үр дүнтэй болгох арга замыг олох, тодорхойлох, хэрэгжүүлэх тухай байв. Тэр дундаа хүнсний аюулгүй байдлын талаар олон орны төлөөлөгч онцолж ярьсан нь энэ сэдэв тулгамдсан асуудал болсныг нотолсон. Түүнчлэн олон шашин, соёл иргэншил бүхий Азийн орнууд бие биенээ хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн оршихын чухлыг дээд хэмжээний чуулга уулзалт цохон тэмдэглэсэн.
Хурлаас хамтарсан 14 зүйл бүхий мэдэгдэл гаргасан. Цаашид мэдэгдлийг хэрэгжүүлэх, дээд хэмжээний чуулга уулзалтыг бодит үр дүн болгоход байнгын ажиллагаатай нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулах нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд ойрын үед гишүүн орнуудаар дамжуулан саналыг авахаар болсон. Уг хурлыг сурвалжлахаар бусад улсаас 100 гаруй, Кувейтийн 200 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн оролцсон юм. Кувейтийн тал өндөр ач холбогдол өгч иж бүрэн тоноглогдсон мэдээллийн төвийг байгуулж, орон бүхний хэвлэлийнхэнд тусгайлсан координатор томилж, хамгаалалтын хоёр баг, тусгай машин сэлтээр хангаж, төрийн 50 гаруй албан хаагч өдөр шөнөгүй ажилласан. Дээд хэмжээний чуулга уулзалтын дараахь хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид Пан Азийн хөгжил, Азийн мөрөөдлийг (Asian ambition) биелүүлэх арга замын талаар илүү сонирхож, зарим асуудалд шүүмжлэлтэй хандаж байсан.
Тухайлбал Индонезийн сэтгүүлч Азийн их зургаа ( G 6) улсуудад Япон, Энэтхэг, Хятад, Эмират, Индонез, БНСУ нарыг нэрлэж зарим улс дээд хэмжээнд ирээгүй байна гэсэн шүүмжлэлийг хэлж байсан бол зарим орны сэтгүүлчид эдийн засгийн асуудал түлхүү ярьж улс төрийг орхигдууллаа гэж байв.
Чуулга уулзалтын үеэр Афганистан улс шинээр элссэн. Энэхүү Азийн хамтын ажиллагааны байгууллага зөвхөн Азийн орнууд төдийгүй бусад улс орныг хамрахын чухлыг эрхэм дээд эмир чуулга уулзалтын эхэнд хэлсэн. Үүний тулд хоёр тэрбум ам.долларын хөрөнгө бүхий сан байгуулах шаардлагатай байгааг дуулгаад Кувейт 300 сая ам.доллар гаргахаа амалсан юм.
Эцэст нь Пакистан улс 2012 оны 12-р сард Азийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Эрчим хүчний хоёрдугаар форумыг Исламабад хотод, Иран улс мөн үед Соёл ба Даяаршлын форум ба 2013 онд Удирдлагын хэмжээний гуравдугаар уулзалтыг Хятад Агаарын бохирдол багатай хотуудын семинарыг зохион байгуулах болсныг уг чуулга уулзалтаас зарласан юм.
Дээд хэмжээний энэхүү чуулга уулзалтыг түүхэн хэмээн оролцогсод дүгнэсэн. Чухамхүү энэ өргөн хүрээтэй хамтын ажиллагаанд хэрхэн идэвхтэй оролцох, өөрийн оронд “нааж” авах нь улс бүрийн хүчин чармайлтаас шалтгаалах юм. Тийм ч учраас эрхэм дээд эмир үүнийг G-G (Засгийн газар хоорондын), P-P ( ард түмэн хоорондын) санал санаачлагаас их зүйл хамаарна гэж хэлсэн.