Нэр дэвшигчийг иргэдийн оролцоотой тодруулах хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2012.10.24-нд нийтлэгдсэн

Нэр дэвшигчийг иргэдийн оролцоотой тодруулах хэрэгтэй гэв

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар нутгийн өөрөө удирдах байгууллага нь тухайн засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх төрийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд болох Засаг даргад нэр дэвшигчийг эрж олох, нэр дэвшүүлэх бүрэн эрхтэй. Гэвч сүүлийн жилүүдэд нутгийн өөрөө удирдах байгууллагаас Засаг даргыг шилж сонгох, нэр дэвшүүлэхдээ улс төрийн намын харьяаллаар талцан хуваагдах, үл ойлголцох маргаан олон тоогоор гаргах болсон гэж хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Батцогт, Х.Болорчулаан, О.Бурмаа, Д.Эрдэнэбат нарын гишүүн үзжээ. Тиймээс зарим иргэн, нам, эвсэл, эрх бүхий албан тушаалтнуудаас сумын Засаг даргыг сумын сонгогчдоос шууд сонгох харилцааг хуульчлах асуудлыг тавилаа. Энэ асуудлыг Үндсэн хуульд нийцүүлэн хууль тогтоогч өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх боломж хууль зүйн байна гэж Р.Гончигдорж гишүүн мэдэгдэв. Түүнчлэн “Сумын Засаг даргад нэр дэвшигчийг иргэдийн оролцоотойгоор тодруулах нь ардчиллын нэг дэвшил болох юм. Энэ үндсэн дээр тухайн сумын нийт багуудын иргэдийн нийтийн Хуралд санал хураалт явуулах, зарчмаар нэр дэвшигчийг тодруулах, тодорсон хүнийг сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хуульчлах шаардлагатай байгаа юм” гэж хуулийн төсөл өргөн мэдүүлэгч хэллээ.

“Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд Ерөнхий сайд болон дээд шатны Засаг дарга нь доод гатны Засаг даргыг томилох эсэх асуудлыг шийдвэрлэхдээ өөрийн үзэмжээр шийдвэрлэдэг зохицуулалт эрс өөрчлөгдөж, зөвхөн нэр дэвшүүлэх ажиллагаа хууль бус явагдсан бол томилохоос татгалзах эрхтэй байхаар тусгасан байна. Энэ нь нутгийн өөрөө удирдах байгууллагын хүсэл зориг, эрх мэдлийг хангаж, хамгаалж байгаа эрхзүйн зохицуулалт гэдгийг Р.Гончигдорж  гишүүн УИХ-ын даргад мэдэгдсэн гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийтттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж