Ш.Алтантуяагийн хэргийн “мэдээлэгч” сураг тасарчээ

Хуучирсан мэдээ: 2012.10.24-нд нийтлэгдсэн

Ш.Алтантуяагийн хэргийн “мэдээлэгч” сураг тасарчээ

Малайзын цагдаагийн чөлөөнд гарсан дарга Муса Хассан тус улсад 2006 онд учир битүүлгээр амиа алдсан монгол бүсгүйн аллагатай холбоотой шинэ нотлох баримтыг дэлгэхээр өчигдөр буюу даваа гаригт Тайландын Бангкогт  хэвлэлийн хурал хийх тухай өнгөрөгч бямба гаригт мэдэгдсэн ч үл мэдэх шалтгаанаар хурал цуцлагдаж, мэдэгдлээ үгүйсгэж буй талаар “MalaysiaToday” сайтад бичжээ.

Гадаад дахь Тайландын сэтгүүлчдийн клуб саяхныг хүртэл Малайзын Цагдаагийн дарга байсан Муса Хассан Ш.Алтантуяа гэгч монгол бүсгүйн аллагатай холбоотой шинэ нотлох баримтуудыг хэвлэлийнхэнд дэлгэх гэж буй тухай өнгөрсөн бямба гаригт мэдээлсэн аж.

Тус клубын мэдэгдэлд “Бүсгүйн үхэл түүнийг Франц-Малайзын Засгийн газрын хоорондох 1.3 тэрбум ам.долларын шумбагч хөлгийн наймаатай холбоотойг болон Малайзын улс төрчид Францын шумбагч хөлөг худалдаалагчдаас  их хэмжээний хахууль авсан хэргийг дэлгэсэн. Малайзын Засгийн газар Францтай шумбагч хөлгийн наймаа хийх үед Малайзын одоогийн Ерөнхий сайд Нажиб Разак тухайн үед Батлан хамгаалахын сайд байсан бөгөөд Муса Хассан Цагдаагийн дарга байсан” гэжээ.  Муса Хассан яагаад ийм мэдэгдэл гаргасан нь оньсого хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн бямба гаригаас хойш түүнтэй холбоо тогтоож чадахгүй байгаа тухай Малайзын хэвлэлүүд бичиж байна.

Малайзын нэгэн сэтгүүлч  чөлөөнд гарсан Цагдаагийн даргатай утсаар холбогдсон ч тэрбээр энэ талаар тайлбар өгөхөөс татгалзаж, хэвлэлийн хурал зарлаагүй гэж хэлжээ. 41 жил Малайзын цагдаагийн албанд алба хашсан 60 настай Муса Хассан өнгөрсөн есдүгээр сарын 13-нд чөлөөнд гарчээ. Тэрбээр сүүлийн зургаан жилийн турш Малайзын Цагдаагийн газрын даргаар ажилласан гэнэ. Хачирхалтай нь Малайзын цагдаагийн дарга хээл хахууль, хууль бус мөрийтэй тоглоомчдыг сулласан хэрэгт олон жил сэжиглэгдэж байсан нэгэн аж. Малайзын шинэчлэлийг шаардагчид түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, мөрдөн байцаалтыг санаатай мушгин гуйвуулж, одоогийн эрх баригчдын гэмт хэргийг хаацайлсан гэж буруутгадаг аж.  Малайзын Засгийн газрын худалдаж авсан шумбагч хөлгийн наймааг хийх үед Ш.Алтантуяаг Нажиб Разакийн зөвлөх Разак Багиндагийн хэлмэрч байсан гэдэг бөгөөд бүсгүйг зэрлэгээр хөнөөсөн Нажиб Разакийн хоёр бие хамгаалагчид цаазаар авах ял оноосон билээ.

Гэвч хэргийн захиалагч  нь Малайзын одоогийн Ерөнхий сайд Нажиб Разак гэдгийг нотолж чадаагүй.  Малайзын чөлөөнд гарсан Цагдаагийн дарга Муса Хассан улс төрд орох ямар ч төлөвлөгөө байхгүй хэмээн мэдэгдэж байсан ч түүнийг тус улсын сөрөг хүчний исламын намд элссэн тухай тус улсын мэдээллийн хэрэгслүүдээр бичих болсон гэнэ.

Орчуулсан Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж