Засгийн газар дээрх хөгжлийн стратегийг 2024 оныг хүртэл хамрахаар тооцож боловсруулсан байна. “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлснээр Монгол Улсад олон улсын зорчигч болон ачаа тээврийн бүс нутгийн хэмжээний зангилаа, томоохон хот, суурин газруудыг олон улстай холбосон үндэсний агаарын тээврийн нэгдсэн сүлжээтэй бий болох, салбарын хөгжилтэй уялдан олон улсын болон орон нутгийн нислэгийн тоо нэмэгдэж тээврийн тариф буурах зэрэг үр дүн гарна гэж салбарын сайд мэдэгдсэн.
УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж батлуулахаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн бас нэг тогтоолын төсөл нь Бүгд Найрамдах Кени улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолын төсөл юм. Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын гишүүн бүх орнуудтай дипломат харилцаа тогтоох чиглэл өгсний дагуу Засгийн газар манай улстай дипломат харилцаагүй, НҮБ-ын гишүүн 45 улстай харилцаа тогтоох асуудлыг Нью-Йорк дахь БТГ-аар дамжуулан холбогдох талуудад тавьсан байна. Дипломат харилцаа тогтоох тухай манай саналыг дэмжиж байгаагаа Бүгд Найрамдах Кени улс 2011 оны зургаадугаар сарын 17-ны өдөр илэрхийлжээ. Улмаар өнгөрсөн онд Засгийн газар, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус тус зөвшилцөн дэмжсэнээр Кени улстай дипломат харилцаа хтогтоох тухай хамтарсан албан мэдээнд 2012 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Нью-Йорк хотноо гарын үсэг зураад байгаа. Тиймээс Кени улстай дипломат харилцаа тогтоох УИХ-ын тогтоолын төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Засгийн газраас хүслээ.
Шинэчлэлийн Засгийн газар ирэх дөрвөн жилд нийгэм эдийн засгийн томоохон шинэчлэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Тиймээс Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд “Засгийн газрын бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын нөөц хөрөнгийг тухайн жилийн төсвийн нийт хөрөнгө оруулалтын 5 хувь хүртэл хэмжээгээр тусгаж болно” гэсэн агуулгатай 29.3.6 дахь заалт шинээр нэмэхээр Засгийн газар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Тухайн жилийн нийт хөрөнгө оруулалтын 5 хувь хүртэл хэмжээ гэдэг нь 2013 оны байдлаар тооцоход 75 хүртэл тэрбум төгрөг байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.