
Хэсэг залуус өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй хэмээн санал нэгдэн, Үндэсний өгөх өдрийг зарлан тунхагласнаас хойш даруй гурав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Энэ жилээс тэдгээр залуус үйл ажиллагаагаа өргөтгөн, улс даяар өргөн цар хүрээтэй ажил хийхээр санаачилга гаргаж буй гэнэ. АНУ-ын хүүхдийн нэрт зохиолч Шел Силверстайны “Өглөгч мод” хэмээх дэлхийн олон оронд хэдэн сая хувиар хэвлэгдсэн номыг орчуулан хэвлэж, улсын хэмжээнд бүхий л бага, дунд сургуулиудад тараан өгөх төсөл хэрэгжүүлж байгаа аж.
Өгөхийн гайхамшгийг номлосон энэхүү ном нь зөвхөн хүүхдүүдэд ч биш, эцэг эхчүүдэд ч хамааралтай. “Өгөх өдөр” хөдөлгөөнөөс энэ өдөр нийслэлийн хэд хэдэн бага сургуулиудад олны танил эрхмүүд зочлон очиж, “Өглөгч мод”-ыг уншин, хүүхэд багачуудтай чөлөөт ярилцлага өрнүүлэх юм. Одоогоор Ардын жүжигчин Н.Сувд, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Одончимэд, Хүний гавьяат эмч, доктор, профессор, орчуулагч М.Шагдарсүрэн нарын алдартнууд энэхүү хөдөлгөөнд нэгдээд байгаа гэлээ. Мөн “UP” мюзик продакшн хамтран хандивын арга хэмжээнд оролцож байгаа аж. Өгөх өдрийн хүрээнд жил бүр хандивын аян зохион байгуулж, тусламж үзүүлдэг юм байна.
Энэ өдрийг угтан хандивын арга хэмжээг зохион байгуулах бөгөөд хэрэв та энэхүү номоос худалдан авч, сургуулиудад хандив өгөхийг хүсвэл 9111-1851 тоот утсанд хандах буюу “Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ-ын Голомт банк 1605010007, Хаан банк 5003604174, Худалдаа хөгжлийн банк 499180209 тоот дансанд хандив өргөж болох юм байна.