
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудалд тусгаагүй нэгэн халуун сэдвийг хөндлөө. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гаригт Төрийн ордны орох хаалгуудыг жагсагчид хааж ордонд нэвтрэх хөдөлгөөнийг түгжсэн, энэ үеэр УИХ-ын зарим гишүүний биед жагсагчид халдаж байхад Төрийн ордны хамгаалалтын ажилтнууд арга хэмжээ аваагүй. МАН-ын харьяалал бүхий УИХ-ын гишүүд чуулганы танхимын хаалгыг буйдангаар таглаж УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулсан нь Төрийн ордны хуулийг зөрчсөн үйлдэл болсон. Үүнийг зохицуулах арга хэмжээг Төрийн ордны хамгаалалтын алба, Төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд аваагүй зэрэг халуун сэдвүүд хөндөгдөв.
Улмаар УИХ-ын дарга З.Энхболд хууль зөрчсөн МАН-ын харьяалалтай УИХ-ын гишүүдэд торгох зэрэг холбогдох арга хэмжээг авах, Төрийн ордны хамгаалалтын албаны дарга хурандаа н.Лхагвасүрэн, Төрийн тусгай хамгаалалтын газрын хуулийн зөвлөх хошууч н.Тогтохням нарт ажлаа хариуцлагагүй хийсэн гэж мөн арга хэмжээ авах зэрэг асуудлыг хөндсөн юм. Дэлгэрэнгүй сурвалжлагыг удахгүй хүргэнэ.
Д.ОЮУН