Тус улсад 76 сэтгүүлч шүүхээс ял сонсч эрх чөлөөгөө хасуулаад байгаа нь сүүлийн арван жилд гарч байгаагүй тохиолдол хэмээн олон улсад нэр хүндтэй тус байгууллагын илтгэлд онцолжээ. Тэдгээрийн 61 нь зөвхөн сэтгүүлчийн ажлаа хийснийхээ төлөө буруутгагдан шийтгэл хүлээгээд байна.
“Туркийн Засгийн газар шүүмжлэлтэй өгүүлэл, нийтлэл бичдэг сэтгүүлчдийг “чимээгүй болгох”-ын тулд өргөн хүрээтэй довтолгоо хийж байна. Тэднийг шүүхэд дуудаж, ял оноож, шоронд илгээж, төрийн төмөр нүүрээр айлгаж байна” хэмээн Сэтгүүлчдийг хамгаалах хорооны 53 хуудас илтгэлд цохон тэмдэглэжээ.
Хэвлэл мэдээллийн ажилтнуудыг айлган сүрдүүлэлтээр Турк улс манлайлж араас нь Иран, Хятад, Эритреа улсууд жагсчээ. Эдгээр улс оронд сэтгүүлчдийг хийсэн ажлынх нь төлөө мөрдөн мөшгих, шүүх, цагдаа, хорих ялаар хашраах үзэгдэл буурахгүй байгаа аж.
Хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэгч идэвхтн үүд тус хорооны илтгэлийг сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах тэмцэлд нааштай алхам болж өглөө хэмээн талархаж байна.
Турк, Иран, Хятад зэрэг оронд сэтгүүлчид ажлаа тайван, мөрөөрөө хийх боломж байдаггүй, байнгын түгшүүр айдастай байдаг нь харагдав. Сэтгүүлчдийн эрх чөлөө, эрхийг хангахыг шаардсан уриалгыг тус байгууллагаас гаргахаар зэхэж байна. Туркт хоригдож буй сэтгүүлчдийн 30 хувь нь улс төрийн хориотой бүлэглэлүүд болон төрийн эргэлт хийх гэж байсан хүмүүсийг дэмжсэн зүйл бичсэн хэргээр буруутгагджээ. 70 хувь нь Курдистаны Ажилчны намын үйл ажиллагааг сурвалжилсан, “терроризмийг дэмжсэн” гэх хэргээр ял эдэлж буй курд сэтгүүлчид юм.
“Турк улсад шүүмжлэлт сэтгүүл зүйг терроризмтэй зүйрлүүлж байгааг яагаад ч зөвтгөж болохгүй. Улс орны аюулгүй байдлын үүднээс ийм арга хэмжээ авч байна гэдэг нь зүгээр шалтаг гэж бодож байна. Ерөнхий сайд Таип Эрдоган сэтгүүлчдийн эрх чөлөөг боогдуулж байгааг зогсоож, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан шинэчлэлийг хийх ёстой” хэмээн Сэтгүүлчдийг хамгаалах хорооны тэргүүн Жоэл Саймон хэллээ. Тус хорооноос ажлаа хийж яваад хорих ялаар шийтгүүлсэн бүх сэтгүүлчийг суллах уриалга гаргажээ. Хоригдож буй сэтгүүлчдийн бараг тал хувь нь шүүхийн шийдвэрг үйгээр урьдчилан хорих төвд байсаар байгааг тус хорооны илтгэлд онцолсон байна.
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин