Нийслэлийн түүхийн архивын үзэсгэлэн болно

Хуучирсан мэдээ: 2012.10.24-нд нийтлэгдсэн

Нийслэлийн түүхийн архивын үзэсгэлэн болно

Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 373 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Архивын газраас “Нийслэлийн түүх-архивын баримтанд” сэдэвт архивын баримт, үзмэрийн үзэсгэлэнг аравдугаар сарын 25-30-нд Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн нээлт маргааш 11.00 цагт болох ажээ.

Нийслэлийн Архивын сан хөмрөгөөс дараах таван чиглэлээр баримт бичиг, үзмэрүүдийг дэлгэх юм. Үүнд:
 

  •  “Нийслэл хотын захиргааны нэрийн өөрчлөлт, бүтэц, зохион байгуулалт”. 1924 оноос одоог хүртэлх нэрийн өөрчлөлт, бүтэц, зохион байгуулалтын шийдвэрүүд
  • “Нийслэл хотын захиргааны үйл ажиллагаа”. 1924 оноос одоог хүртэлх үеийн баримт бичгүүд болох Хотын түр, жинхэнэ захиргааны дүрэм /1924/, Хороодын дагаж явах дүрэм /1924/, Хотын захиргаа, хороодын дарга нарын хамтарсан хурлын тогтоол /1924/, Хороодын дарга нарт модон тэмдэг олгосон бичиг, Хотын захиргаанаас явуулж байсан арга хэмжээнүүдийн зарлагын баримтууд /1924/, Хотын захиргааны болон хороодын албан хаагчдын цалингийн цэс, Улаанбаатар хотыг Сүхбаатарын одонгоор шагнасан тухай АИХ-ын тэргүүлэгчдийн зарлиг зэрэг сонирхолтой баримт бичгүүд
  •  “Нийслэл хотын бүтээн байгуулалт, хот тохижилт”. Хотын анхны  хилийн цэсийн зураг /1929/, Харьяат иргэдийн хашааны хаалгыг дугаарлах модон пайз хийлгэх асуудлаар харилцсан бичиг /1924/, Хороодын газрын зураг /1931/,  Нисэх онгоц авах асуудлаар харилцсан бичиг /1924/, Ард иргэдээс өгсөн тусламжийн данс /1924/, Хот сайжруулах комиссын тогтоол /1924/, Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө зэрэг баримт бичгүүдийг тайлбартайгаар байрлуулсан байна. Мөн  сэдвийн холбогдол бүхий кино, дүрс бичлэг
  • “Нийслэл хотын иргэдийн ахуй амьдрал”. Ломбард хэмээх барьцаалан зээлдүүлэх газрын үүсэл, хөгжил /1924/, Хотын дотор уурын тэрэг хэрэглэн явагчдын дүрэм /1925/, Хотын иргэдийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэл /1924/, хотын дотор мод тарих, бие засах газрыг журамлах, мал нядлах, худаг малтах, хүүр оршуулах, худалдааг нүүлгэн шилжүүлэх, усан хөөрөг зэрэг асуудлаар  харилцсан бичгүүд /1924-1925/, Ой мод хамгаалах дүрэм /1924/ зэрэг баримт бичгүүдийг холбогдол бүхий кино, дүрс бичлэг
  •  “Нийслэлийн хүн амын статистик тоон үзүүлэлт”. Хотын хүн амын тоо, өөрчлөлт хөдөлгөөн, иргэдийн дэлгэрэнгүй бүртгэл судалгаа, лам нарын болон сурагчдын бүртгэл зэрэг баримт бичгүүдийг дэлгэн тавих юм байна.

www.ulaanbaatar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж