Нажим Азахаф
Өмнөх долоо хоногт хэвлэгдсэн Германы Бертельсманы сангийн (Bertelsmann Stiftung) илтгэлд дээрх санаа бичигдсэн байв. " BRICS-ийн орнууд ойрын ирээдүйд өнөөгийн капитализмын төвүүдийг гүйцэнэ гэсэн зарим хөрөнгө оруулалтын банкны өөдрөг дүгнэлт нь гол төлөв дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд тулгууралсан байгаа. Бид бол харин эдгээр орнуудын улс төрийн удирдлагын системийн үр дүнг харахыг эрмэлзлээ” гэж сангийн төлөөлөгч бөгөөд төслийн менежер Нажим Азахаф (Najim Azahaf) ярьжээ.
Энэ зорилгоор эхлээд BRICS-ийн орнуудын Засгийн газрын үйл ажиллагааг эдийн засаг, боловсрол, эрүүлийн хамгаалах, экологи, хөдөлмөрийн зах зээл гэсэн 15 чухал салбараар авч үзлээ. Энэ нь эдийн засгийн хурдан өсөлтийн улмаас үүссэн асуудлуудын цар хүрээг тогтооход тус боллоо. Тэнд нийгмийн тэгш биш байдал, дэд бүтцийн хөгжлийн хоцрогдол, хүрээлэн буй орчны бохирдол зэрэг асуудал аймаар хуримтлагдсан байна” гэж Нажим Азахаф тайлбарлав.
Ийм маягаар BRICS-ийн орнуудын шинэчлэлийн шаардлагыг тогтоосны дараа дүн шинжилгээ хийх хэрэгслээр төрийн тогтвортой удирдлагын үзүүлэлтүүдийг (Sustainable Governance Indicators, SGI) сонгон аваад тэдний шинэчлэл явуулах чадварыг тогтоохоор оролджээ.
BRICS-ийн орнуудаас хамгийн ирээдүйтэй, найдлага өгч буй улс нь Бразили болов. Стратегийн төлөвлөлтийн өндөр төвшинтэй учраас үндэсний хэмжээнд шинэчлэл явуулах чадвар байгаа нь Энэтхэгт байна. Энд гол асуудлууд нь бүс нутгийн хүрээнд байгаа. ӨАБНУ энэ чансааны дунд байна. Хятад хоёрдол янзын үнэлгээ авлаа. БНХАУ-ын төвлөрсөн улс төрийн иситемийг эвдлэн шинэчлэлгүйгээр тус улсын цаашдын өсөлт ба тогтвортой байдал аюулд орно гэж шинжээчид дүгнэв.
Таван орнуудаас хамгийн муу үзүүлэлттэй нь Орос. “Тус улс улс төрийн удирдлага, стратегийн төлөвлөлт, яамдын ажиллагааны уялдаа зэргээр хоцорчээ” гэж Нажим тэмдэглэв. Бразили, Энэтхэгт иргэний нийгмээ үндэсний асуудлаа шийдэхэд идэвхтэй оролцуулдаг шиг зүйл Орост ажиглагдсангүй.
Оросын талын судалгааг Бремений их сургуулийн Зүүн Европын судалгааны төвийн улс төр, эдийн засгийн тасгийн удирдагч Хайко Плайнес (Heiko Pleines) толгойлсон байна. Түүний хамт Бертельсманы сангийн төсөлд Орос ба Тусгаар тогтносон орнуудын холбооны орнуудын шинжээч, Берлиний “Шинжлэх ухаан ба улс төр” сангийн профессор Ханс-Хеннинг Шрёдер (Hans-Henning Schröder), Москвагийн эрдэмтэд профессор Евгений Гонтмахер профессор Борис Макаренко нар оролцжээ.
Хайко Плайнес
Хайко Плайнес ярихдаа: "Энд ер нь Герман эсвэл Оросын байр сууринаас яригдсан юм байхгүй. Даяарчлагдсан шинжлэх ухааны хандлаар судалгааг явуулсан. Бүх таван орноор сангийн бэлтгэсэн нийтлэг асуудлаар судалгааг хийлээ” гэсэн байна. Түүнд Орос төрийн удирдлагын хувьд нөгөө дөрвөөсөө маш их хоцорсон байгаа нь гайхал төрүүлжээ.
"Өнөөгийн Оросын гол асуудал нь гаргасан шийдвэрийн хэрэгжүүлэлт болоод байна” гэж шинжээч хэлэв. Технократууд л хэрэгтэй төслүүд амжилттай хэрэгжиж байна. Эрчим хүчний эх үүсвэрээс орлого хуримдлах хоёр ч сан амжилттай байгуулагдсан байна. Гэтэл улс орны хүрээнд хийгдэх өөрчлөлтүүд нь бүтэлгүйддэг гэнэ. Эрүүлийг хамгаалах, боловсрол болон орон сууцны асуудлаар хийгдэх үндэсний төслүүд огт ахицгүй байна. Одоо Орост үр дүн гаргах төрийн аппарат ба ерөнхийлөгчид шууд захирагдахгүй чадвартай албан тушаалтнууд хэрэгтэй байна хэмээн Хайко Плайнес ярив. Авилга газар авсан нөхцөлд байдлыг засах нь маш хүнд байгаа гэнэ. Ийм ээдрээтэй нөхцөлд шинэчлэл явуулахаар зориглон хөдөлбөл амжилт удаан хүлээгдэхгүй гэж сангийн шинжээчид хэлж байна.