Хүний тулгуур эрхтэн болох нуруу нугасны өвчин манай улсад элбэг байдаг. Хоёр монгол хүн тутмын нэг нь нуруугаар өвддөг гэсэн тоон мэдээг хэвлэлээр мэдээлж байсан. Энэ талаар нарийн судалгаа, мэдээлэл байхгүй, хотжилт хүмүүсийн амьдралын хэв маяг, аваар осол зэрэгтэй холбоотойгоор нуруу нугасны өвчлөл нэмэгдэж байгаа аж. Нөгөө талаас энэ чиглэлийн эмчилгээ оношлогооны чанар хангалтгүй, технологи хуучирсан, мэргэшсэн боловсон хүчин ховор байгаа гэнэ. Тиймээс нийгэмд хэрэгтэй үйлс бүтээхээр “Жигүүр Гранд” группээс нуруу нугасны дурангын мэс заслаар төрөлжин үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын “Нанүри” эмнэлэгтэй хамтран ажиллах төлөвлөгөөнийхөө хүрээнд тус эмнэлгийн ерөнхий захирал Ли Сэн Чолийг Монгол улсад урьж авчиран үзлэг оношлогоо, уулзалт сургалт зохион байгуулсан юм.
Ли Сэн Чоль эмч нь нуруу нугасны мэдрэлийн мэс засалч бөгөөд энэ чиглэлээр Солонгос улсдаа нэгдүгээрт, олон улсад хоёрт эрэмбэлэгддэг аж. Ур чадвар нь дэлхийн анагаах ухааны салбарт хүлээн зөвшөөрөгдсөн 20 орчим оношоор, нийт 8498 хагалгаа хийсэн туршлагатай чадварлаг эмч билээ.
“Жигүүр Гранд” групп, “Нанүри” эмнэлэгтэй хамтран зохион байгуулсан хоёр өдрийн үнэ төлбөргүй үзлэг оношлогооо хийсэн юм. Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, Шастины нэрэмжит клиникийн III эмнэлэг, “Ачтан” “Гранд Мед” эмнэлгүүдийн өвчтөнүүдээс сонгожээ. Нуруу нугасны чиглэлээр онош нь сайн тодроогүй, гадаад явж эмчлүүл гэсэн эмнэлгийн дүгнэлт гарсан, олон удаа мэс засалд орсон зэрэг 40 орчим өвчтөнг үзүүлж зөвлөгөө авахаар бэлдсэн байв. Гэвч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэ эмчийн талаар сонссон иргэд ирж үзүүлэхийг хүссэнээрнэлээд ачаалалтай ажиллан 100 орчим өвчтөнд үзлэг, шинжилгээ, оношлогоо хийсэн байна.
Солонгос Монголын хамтарсан баг дээрхи өвчтнүүд дундаас өвчтний ар гэр, нийгмийн байдал, өвчний онош зэргийг нь шалгуур болгон хоёр өвчтөнг сонгожээ. Тэр хоёрын хагалгаа эмчилгээний бүх зардлыг дааж БНСУ-ын “Нанүри” эмнэлэгт хагалгаа эмчилгээг үнэ төлбөргүй хийлгэхээр болсон байна. Нуруу нугасны өвчнөөсөө болж 10 гаруй жил олон удаа хагалгаа эмчилгээнд орж хүнд хэцүү амьдралаар шаналж яваа Нарантуяа, Мөнхцэцэг хэмээх хоёр эмэгтэйг сонгон авсан юм билээ. Тэднийг энэ оны арваннэгдүгээр сард багатаан явуулж хагалгаанд оруулахаар болсон гэнэ.
“Нанүри” эмнэлгийн ерөнхий захирал, нуруу нугасны мэдрэлийн дурангийн мэс заслын эмч Ли Сэн Чоль Монгол улсад ирэх талаар судлаж байхдаа ихэвчлэн гэмтлийн шалтгаант өвчлөл их байгаа байх гэж бодож байсан гэнэ. Гэтэл өвчлөлийн бүтэц нь Солонгос улсын өвчлөлийн бүтэцтэй тун адил байгааг онцолж байжээ.
Нуруу нугасны мэс засал ялангуяа дурангын хагалгаа нь маш өндөр ур чадвар шаардсан, нарийн багаж тоног төхөөрөмжөөр хийгддэг. Түүнийгээ дагаад эмчилгээ оношлогооны технологи нь ч хурдан өөрчлөгдөж байдаг гэнэ.Тэгээд ч өндөр өртөгтэй байдаг учираас манай улсын үндэсний манлайлагч компанууд энэ чиглэлийн бизнест хөл тавьжээ. Тиймээс Ли Сэн Чоль эмч үнэхээр баяртай байгаа бөгөөд бүхий л талаар ялангуяа эмч эмнэлгийн мэргэжилтэнг бэлдэх тал дээр хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байлаа.
Ли Сэн Чоль эмч нь АНУ, Япон, Солонгос, Франц зэрэг улсуудад олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, чуулганд илтгэл тавьж, мөн түвшний сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээний өгүүллэг нийтлүүлж байдаг юм билээ. Мэдрэлийн мэс заслын чиглэлээр эмч нарт лекц уншихаас гадна мэдрэлийн мэс заслын үзүүлэх хагалгааг 36 удаа хийжээ.
Түүнчлэн Ли Сэн Чоль эмч өөрийн мэргэжил нэгт эмч нартай хамтарч нуруу нугасны хагалгааны өнөөгийн байдал оношлогоо эмчилгээний шинэ дэвшилтэт технологийн талаар семинар зохион байгуулж, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, Шастины нэрэмжит клиникийн III эмнэлэг, “Ачтан” “Гранд Мед” эмнэлгийн мэдрэлийн мэс заслын болон бусад мэргэжлийн 20 гаруй эмч нар оролцож мэдлэг туршлагаас нь хуваалцаад явсан.
Цаашид манай “Жигүүр Гранд” групп нь нуруу нугас, үе мөчний дурангийн хагалгааны чиглэлээр өндөр технологи, мэргэшсэн боловсон хүчин бүхий БНСУ-ын төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгүүдтэй хамтран ажиллах, монголынхоо эмч боловсон хүчнийг бэлтгэх, орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр хангах тал дээр анхаарлаа хандуулан ажиллахаар төлөвлөж байгаа юм байна.