Одоо гэр хорооллын иргэд нүүрс, модны үнийн өсөлтөд дарлуулж, хахир өвлийн хүйтэнд гал алдахад хүрээд байна. Махыг өөр хүнсээр орлуулж, өдөр хоногийг өнгөрөөж болох ч гадаа хасах 30-40 хэм хүрэх үед 2000 мянган төгрөгийн үнэтэй нэг уут нүүрсээр ганц шөнийг өнгөрөөх нь юу л бол.
Өнгөрсөн жил нэг портер нүүрс дунджаар 160 мянган төгрөгийн үнэтэй байсан. Харин энэ жил доод тал нь 280 мянган төгрөгөөс эхэлж байна. Энэ үнэ хүйтрэх тусам нэмэгдэх бололтой. Иргэд дэмий л нүүрсний үнэд “но” байна гэдгийг хэлж сууна. Зарим нь төр засаг бага түлш хэрэглэдэг зуухаар хангах гээд үзэж байна. Үүнийнхээ оронд цахилгааныхаа үнийг хямдруулсан нь дээр гэдгийг ч хэлж байв.
Нүүрсний үнэ ямар шалтгаанаар өсч байгаа талаар Налайх, Багануурын ордоос нүүрс тээвэрлэж, Сүхбаатар дүүргийн Дамбадаржаагийн эцэст борлуулдаг жолооч нараас тодруулахад “Нэгдүгээрт, тухайн орд газартаа нүүрс үнэтэй байна.
Цас ороод жаахан хүйтрэхээр маргааш нь ковш нүүрсний үнийг 10-20 мянган төгрөгөөр нэмдэг. Хоёрдугаарт, дараалал их байгаа учраас 2-3 хоног хүлээж байгаад нүүрсээ ачуулдаг. Энэ хугацаанд бид хамгийн хямд нь нэг удаа 6000 мянган төгрөгөөр хоол иддэг. Гуравдугаарт, тээврийн товчоогоор өндөрлөгтэй машин оруулахаа больсон. Биднийг өндөрлөг хийсэн байвал эрх хасна, торгоно гэж дарамталдаг” зэрэг шалтгааныг тоочиж байсан юм.
Уг нь өндөрлөгтэй машинаар ачаад ирвэл хоёр хуваагаад арай хямдхан борлуулах боломжтой гэнэ. Ковш нүүрс Налайхын уурхайд 50-80 мянган төгрөг байгаа аж. Өндөрлөгөөгүй нэг портерт гурван ковш нүүрс ордог. Ингээд бодохоор портер нүүрс уурхай дээрээ 150 мянган төгрөг байна.
Мөн нүүрсний үнэ нэмэгдсэн өөр нэг шалтгаан нь Налайхын уурхайд ам ажиллуулж буй аж ахуйн нэгж, иргэдийг ажилчдынхаа нийгмийн даатгалыг төл гэж шаардсантай холбоотой гэдгийг холбогдох хүмүүс хэлж байв.
Түлээ, нүүрс хэрэглэдэг айл өрхийн ихэнх нь нүүрсээ бөөнөөр нь авах мөнгөгүй учраас ууттай нүүрсээр өдөр хоногийг өнгөрөөж байна. Энэ нь түлшиндээ илүү их мөнгө зарцуулахад хүргэж байна. Нэг уут нүүрс 2000-2500 төгрөгийн үнэтэй болсон. Харин нэг 1.8 тоннын даацтай портер нүүрс нь 200 уут болдог аж. Тэгэхээр нэг портер нүүрс газар дээрээ 400-500 мянган төгрөг болж байна.
Энэ бол бизнес. Энэхүү бизнесийн цаана хэрэглэгчид хоирч байгааг үгүйсгэх аргагүй. Уг нь шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулдаг газар манайд бий.
“Хэрэглэгч бол хаан” гэсэн уриаг хэрэгжүүлнэ хэмээн том дуугарч, бас ч үгүй нэлээд хэдэн ажлыг эхлээд байгаа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай нүүрсний худалдаанд анхаарлаа хандуулж, гэр хорооллын иргэдэд хариу барих цаг нь болсныг дуулгая.