Яг намайг охиныхоо төрсөн өдрийн бялуунд гүйж явах тэр үед хэвлэлийн бага хурал хийж байж. Намайг охиноо өхөөрдөж баяр хөөртэй байх үед минь тэнгэрийн оронд одсон охиныхоо араас шаналсан эцэг нь гомдлын үгээ Ерөнхийлөгчид дайжээ. Тэр аав “Зул, цэцэг хоёроор л сэтгэлээ зогоож явна” гэсэн байсан. Энэ дэндүү эмгэнэлтэй үг. Нэг нь охиноо харан баярлаж, нөгөө нь охиноо санаж зүрхээ сугартал гасласан энэ амьдрал ямар аймаар юм бэ. Үгүй ээ, энэ бол амьдрал. Хувь тавилан биш. Энэ бол зүгээр л авлига хүнд суртлын гай. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Каск өмсөж яваагүй нь охины буруу” гэсэн утгатай дүгнэлт гаргажээ. Ээж дүү хоёртойгоо хөтлөлцөөд, хөөрхөн хөөрхөн юм яриад явж байсан охины буруу гэв үү. Охины зохиосон шүлэг ширээн дээр минь байна.
“…. Амьдарч байгаа хүмүүс бид
Асар дээшээ очихоо хүлээнэ
Аав ээж ах дүүсээ үймүүлж
Асар том шарх үлдээнэ
Харин сахиусан тэнгэр болоод
Хэзээ ч хорвоог орхихгүй болчихвол
Хүн бүрт тохиохгүй
Хамгаас том аз болно…
… Цасан цагаан даашинзтай
Цав цагаан далавчтай
Цацарсан цагаан дохиуртай
Цэмцгэр цагаан царайтай
Царайлаг цагаан охиныг
Цонхны цаанаас олж хараад
Хүссэн бүх юмаа
Хэлж байна гэж зүүдлэнэ”
Эвий дээ, хэзээ хаанаас сахиусан тэнгэрийг олж хараад зүүдэлж байгаав дээ гэж эрхгүй бодогдоно. Миний охиндоо төрсөн өдрөөр нь авч өгсөн цагаан даашинз, шидэт дохиур амиа алдсан Есүгэн охины ч мөрөөдөл байж. Ерөөсөө энэ хорвоогийн бүх охидын мөрөөдөл байж. Есүгэн охины төрсөн өдөр энэ сарын 14-нд болно. Харин одоо түүний төрсөн өдрийг аав ээж дүү нар нь тэмдэглэж чадахгүй. Тэр бялууныхаа лааг үлээхгүй. Бас бэлгэнд ээжээсээ цасан цагаан даашинз авахгүй болсон. Охины хорвоод мэндэлсэн тэр сайхан өдөр цагаан сүүгээ хөхүүлж өсгөсөн ээж нь зүрхээ сэмэртэл, зүсээ гундтал уйлах болно. Дүү нь эгчээ нэхнэ. Эцэг нь … Эцэг нь төрийн тэргүүнд хандаж бичсэн захидалдаа “Арван хоёрхон настай бяцхан охины минь хязгааргүй хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн явсан оюун бодолт тархийг нь тэр увайгүй хоолой няц даран унасан. Тараан цацагдсан тархиных нь хөрч амжаагүй эд эс, хэсэг бүрийг гэгээн ариухан хүсэл мөрөөдөл хэлэх эцсийн үг бүхний хамт нийлүүлчихвэл сонсчих юм шиг бүтэлгүй мөрөөдөлдөө автан хаман хаман суусан аав би… Монгол төрийн аав танд хандаж байна” гэжээ. Охиныхоо краны суманд няц даруулж үсэрсэн тархийг хаман суусан аавыг та төсөөл дөө. Хөрч амжаагүй эд эс бүхнийг нь цуглуулчихвал гэгээн мөрөөдөлдөө хөтлөгдсөн охин нь эргээд босоод ирэх юм шиг нийслэлийн хүйтэн чулуун гудамжинд сөхөрч суусан эцэг хүн аргаа барж явна. Есүгэн охины нас барсан есдүгээр сарын 3 бол ээжийнх нь машин 1-ийн тоогоор төгсөж, аавынх нь машин 6-гийн тоогоор төгссөн замын хөдөлгөөнд оролцож болохгүй өдөр нь байж. Бусад жирийн өдрүүдэд бол хүүхдүүдээ дандаа машинаар зөөдөг байсан тэд тэр өдөр л явган явж байжээ… Охин орос, англи хэл дээр шүлэг бичдэг байв. Орос хэл дээр бичиж байсан “Миний галт тэрэг” шүлгээ дуусгаж амжсангүй. “Охины галт тэрэг түүнийг үлдээчихгүй юунд аваад явчихав даа” гэсэн харуусал төрж байна.
Хайртай охиноо санаж шаналсан эцэг нь, ээж нь, дүү нь Монгол төрийн эцэг болсон Ерөнхийлөгчөөс тусламж гуйж байна. Дахиад хэн нэгэн эцэг эх үрээ алдаж өнчирч гашуудаж болохгүй гэж байна. Охиных нь аймшигт насан эцэслэл энэ төрийг цаламдсан авлига хүнд сурталыг үгүй болгох хөшөө нь болоосой гэж хүсч байна. Ерөнхийлөгч өө, тэдний хүслийг биелүүлж өгөөч. Есүгэн охин одоо өөрийнхөө бичсэн шүлэгт гардаг шиг сахиусан тэнгэр болсон. Тэр бас авлига хүнд суртлын эсрэг хөшөө болон мөнхрөх ёстой. Стокгольм хотын Парламентын ордны ард нэг жаахан хүүгийн тохой хүрэхгүй хөшөө байсныг төрийн тэргүүн та анзаарсан уу. Тэр гуйлгачин, ядуу хүү байж. Өлсөж даараад парламентын ордны гадаа очиж суугаад шөнөдөө хөлдөж нас баржээ. Хүүгийн эцсийн үг “Томчуудаа хаалгаа нээгээч”… Тэр хүүгийн нас барсан яг тэр буланд “Хүүхдийн эрхийг хамгаалах”-ын төлөө гуйлгачин хүүгийн дүрээр жаахан хүрэл хөшөө босгосон нь Шведийн ард түмэнд бол хүүхдийн эрхийн төлөө хийсэн хамгийн том хөшөө болон үлдсэн байдаг юм…
“Миний охин өнөөгийн нийгэмд бугшсан булхай бүхнийг илчилж засч залруулах цаг болсныг алтан амиараа сануулан, Монголын мянга мянган хүүхдийн сайн сайхны төлөө амь насаа зориулсан юм. Зураг, зул хоёроор сэтгэлээ зогоон амьд явж байгаа хүчин мөхөс аав би, миний нэгэн адил бодгаль хүн, өрх гэрийн аав хүний хувьд зүрх сэтгэлд тань хайрт охиныхоо хүслийг чадан ядан хүргэхийг хичээлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн та миний охин амь насаа зүгээр нэг зориулаагүй юм гэдгийг бодит үйлдлээр харуулж “Монгол хүний амь нас үнэ цэнэтэй байх”-ыг хуульчлан баталгаажуулахыг хүсч, хариулт нэхэж байна” гээд охиныхоо есдүгээр сарын 3-ны өдрийн хичээл, бичсэн шүлгийн хувийг илгээжээ. Ноён Ерөнхийлөгч өө, монгол хүний амь насыг үнэ цэнэтэй болгохын төлөөх Есүгэн охины сүүлчийн хүслийг биелүүлж өгөөч. Таниас хичээнгүйлэн гуйя.