Ч.Улаан ОТ-н гэрээг өөрчлөх бодлоо орхиогүй гэнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.24-нд нийтлэгдсэн

Ч.Улаан ОТ-н гэрээг өөрчлөх бодлоо орхиогүй гэнэ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өчигдөр дахиад л мэдээлэл хийлээ. Уул уурхайн ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгааг шүүхэд өгч, Оюутолгойн мөнгөөр хэн ямар хор найруулаад байгааг илрүүлэх их аянд мордож буйгаа зарлав. Янз нь Н.Алгаа захирлын “С.Ганбаатарыг дал­даас нэг юм удирдаад байна” гэсэн үгэнд сэтгэл нь номхорч өгөхгүй байгаа бололтой. Тиймээс ч Н.Алгаа захирал хий­гээд УИХ-ын дэд дарга С.Баяр­цогт нараар дамжуулан өөрийнхөө бус харин тэдний араас удирдаад үл танигдах нууцлаг удирдагчийг тэрбээр ойрын хугацаанд олонд зарлах аж.

Тэгвэл Б.Бат-Эрдэнэ тэр­гүүтэй УИХ-ын 27 гишүүний Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх түр хороо байгуулах хүсэлт юу болов оо. Энэ талаар тод­руу­лахад УИХ-ын дарга З.Энхболд хариугаа хараахан өгөөгүй байгаа бөгөөд Ардын намын суулт цаг хугацаа алдахад хүргэсэн гэнэ.

Түүнчлэн З.Энхболд тэргүүтэй Оюу­толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахын тулд сүүлийн хоёр жилийн турш дуу хоо­лойгоо нэгтгэж ирсэн Ардчилсан намынхны байр суурь хаашаа эргэх нь тэдэнд юу, юунаас ч илүү сонин бай­гаа аж. Энэ мэт хүлээлт дунд эр­-гэл­зээ, тээнэгэлзээ тээсэн шигээ суу­гаа тэдэнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагчдын итгэл найдварыг татаж уна­гах нь юу ч  биш санагдаж байгаа гэх. Цаашлаад шинэчлэлийн Засгийн газ­рын хувь заяа хэрхэн эргэхийг ч төсөөлөхөөс татгалзсан бололтой юм.

Тухайлбал, Сангийн сайд Ч.Улаан дээрх 27 гишүүний нэг. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Уг шаардлага дээрх Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын гарын үсэг хуурамч” хэмээн УИХ-ын чуулганы танхимд мэдэгдэж байсан. Гэтэл энэ талаар нь Ч.Улаан сайдаас тодруултал “Гэрээг өөрчлөх хэрэгтэй гэсэн миний байр суурь хэвээрээ байгаа” гэв. Эрчим хүчний сайд М.Сономпилийн хувьд ч мөн адил. “Байр сууриасаа ухраагүй” гэдэг хариултыг өгсөн. Эндээс харахад Шадар сайд Д.Тэрбишдагвын гарын үсэг ч хуурамч биш байх магадлалтай бөгөөд түүнийг гэрээг өөрчлөхийн төлөө товчлуур дарвал бүү гайхаарай.

Түүнчлэн МҮАН хийгээд МАХН-ын “Шударга ёс” эвслээс сонгогдсон УИХ-ын гишүүд бараг л бултаараа шаардлагад гарын үсэг зурсныг харахад Засгийн газрын түвшинд саналаа нэгтгэж амжаагүй бололтой юм билээ. Үүн дээр нь 2008-2012 оны парламентад “Оюутолгойн гэрээг өөрчлөхгүй л бол ажиллаж, амьдрах арга алга” хэмээцгээж байсан Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нар нэмэгдэнэ гэж тооцвол асуудал үүсч мэдэх л юм. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ гэж…

Г.ОТГОНЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж