Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн эхний хоёр халз мэтгэлцээн тун ширүүн болж өндөрлөсөн. Эхний удаад Барак Обама Митт Ромнигийн өмнө хэлэх үггүй болтлоо эвгүй бай-далд орсон. Ингээд эдийн засгийн холбогдолтой бодлогоор тэр Б.Обамаг буулгаж авсан. Эхний шатанд Митт Рамни асуултуудаа тун зөв сонгож, сайн бэлдэж ирсэн нь илт байсан юм.
Энэ удаад тэд гадаад бодлогын талаар нарийвчлан мэтгэлцсэн юм. Жишээ нь, Сирийн асуудал, Ираны цөмийн хөтөлбөр, Ливи дахь АНУ-ын Элчин сайдын яамны хохирол, Афганистан дахь цэргийн ажиллагаа, гадаадад байгаа цэрэг армийн тоо, төсөв, Израйлийн сөргөлдөөн, Туркийн нөхцөл байдал гэх мэт олон зүйлийн талаар гол яриа өрнөсөн юм.
Ерөнхийдөө Барак Обама терроризмийн талаар Митт Ромнид хичээл “заасан” гэж хэлж болно. Гадаад бодлогын хамгийн гол зүйлийн нэг болох терроризмтой тэмцэх асуудлыг үзэгчид ихээхэн сонирхож байсан. Харин Митт Ромни энэ сэдэв дээр бүдэрсэн юм. Барак Обама “Терроризм бол нэг үгээр тайлбарлавал тахал юм. Бид өөрсдөө хохирогч болж энэ дайныг эхлүүлсэн нь үнэн. Харин одоо АНУ-ын хувьд терроризмтой тэмцэх биш, өөрийн орны эдийн засгийн чадамжийг сайжруулахад анхаарах зайлшгүй шаардлагатай. Эдийн засгийн баталгаа нь бидний амьдарлын баталгаа болсоор ирсэн. Харин миний хажууд зогсож буй, АНУ-ын Ерөнхийлөгч болох гэж байгаа энэ эрхэм дайныг үргэлжүүлэхийг хүсч байна. Бид хангалттай их хохирол, сэтгэлийн шарх амссан” хэмээн Митт Ромниг хэлэх үггүй болгосон.
Мэтгэлцээн ид дундаа орж байхад “CBS” телевизийн хөтлөгч Боб Шифферийн асуулт дуусчээ. Тэрбээр мэтгэлцээний дараа энэ талаар хэлсэн байна. Нэр дэвшигчдийн хувьд гадаад улс төрийн бодлого, терроризмийн талаар ярих сэдэв олон боловч асуух асуулт цөөрч байсныг хөтлөгч онцолжээ. Боб Шифферийн хувьд 1972 оноос хойш Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд өөрийн биеэр оролцдог байсан бөгөөд хамгийн сүүлд АНУ-ын Ерөнхийлөгчийн 2004, 2008 оны сонгуулийн өмнөх халз мэтгэлцээнийг хөтөлсөн арвин туршлагатай нэгэн билээ.
Нэр дэвшигчид 90 минутын турш мэтгэлцсэний дараа цахим хуудсаар анхны санал асуулгыг явуулсан юм. Гэтэл итгэмээргүй хариу гарч Барак Обама 48 хувийн саналаар илүүрхсэн байна. Харин Митт Ромни 40 хувийн санал авч ирэх сарын 6-ны өдөр болох санал хураалтад найдах л үлдэв. Өөрөөр хэлбэл, Барак Обама сүүлийн хоёр мэтгэлцээнд дараалан ялалт байгуулж чадлаа. Эхний санал асуулгад нийт 84 сая хүн оролцсон. Хоёр дахь шатны санал хураалтаар Барак Обама мөн л энэ удаагийнх шиг илүүрхсэн аж. Гэхдээ энэ бол санал асуулгын дүн төдий.
Ирэх дөрвөн жилд хэн нь АНУ-ын ирээдүйг өөрчлөх, цаашлаад их гүрнүүдийн бодлогод өөрчлөлт оруулах вэ гэдгийг шийдвэрлэх сонгууль удахгүй болно. Аль нэр дэвшигч ялалт байгуулах бүрэн боломжтой эсэх нь ч тодорхой бус. Учир нь нийт санал хураалтын дундаж үзүүлэлтээс ажиглавал хоёр нэр дэвшигч тун ойролцоо санал авсан аж. Дэлхий нийтийн анхаарлыг татаж буй хоёр улстөрчийн хэн нь АНУ-ын Ерөнхийлөгч болбол ашигтай гэдгийг зарим улс тооцоолсон байгаа. Тиймдээ ч ихэнх орнууд Барак Обамаг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Жишээ нь, Израйль, Их Британи, Франц зэрэг орнууд Барак Обамаг дэмжиж буйг CNN агентлаг онцолжээ. Харин Польш, Грек, латин Америкийн орнуудын хувьд Митт Ромнигийн талд байгаагаа илэрхийлсэн. Митт Рамнийн хувьд Ойрхи Дорнодын талаарх байр сууриа хамгаалж, терроризмтой тэмцэх болно гэж мэдэгдсэн бол Барак Обама энхийг сахиулж байгаа цэргийн тоо, НАТО-гийн америк цэргийн тоог багасгах, Ойрхи Дорнодын нөхцөл байдлыг олон улсын замаар шийдвэрлэх, АНУ-ыг хөндлөнгөөс оролцуулахгүй байх бодлого явуулна гэх утгатай зүйлийг амлаад буй.
Барак Обамаг дэмжиж буй хамгийн нөлөө бүхий хүний нэг бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон. Тэрбээр “Барак Обамагийн явуулж буй бодлого гэнэтийн саад бэрхшээлүүдтэй тулгарсаар байгаа. Түүнээс биш тэрбээр нэр дэвшиж гарч ирж байхдаа амласан амлалтуудаа нэг нэгээр нь биелүүлсээр байгааг та бүхэн мэднэ” хэмээн ярьсан удаатай. Тэрбээр 60 мянга гаруй албан хаагчийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй гэдгээ ч цохон тэмдэглэсэн. Хамгийн сүүлд Ливийн Бенгази хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны байр террорист халдлагад өртөж АНУ-ын түүхэнд томоохон хохирол учирсан. Тэгвэл энэхүү халдлагын хариуцлагыг өөрийн биеэр хүлээхэд бэлэн гэдгээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон мэдэгдээд “Ерөнхийлөгч Б.Обама, дэд ерөнхийлөгч Ж.Байден нар хилийн чанад дахь АНУ-ын дипломат албадын аюулгүй байдлыг хариуцдаггүй. Тэд ямар ч буруугүй. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хувьд би хилийн чанадад үүрэг гүйцэтгэж буй 60 мянга гаруй албан хаагчийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Барак Обамагийн сонгуульд энэ үйл явдал нөлөөлөх ямар ч эрх зүйн үндэс байхгүй гэдгийг хэлмээр байна” хэмээн Барак Обамаг 100 хувь өмөөрсөн юм.
Ямартай ч нэр дэвшигчдийн дунд болсон халз мэтгэлцээн өндөрлөж, үзэгчдийн өмнө хэн нь хэн бэ гэдгээ таниуллаа. Тэдний хувьд энэ удаагийнх хамгийн чухал мэтгэлцээн байсан гэдэг нь ойлгомжтой. Алдаж болохгүй ховор боломжийн нэг ч гэж хэлж болно. Өчигдрийн халз мэтгэлцээнээс ирэх сонгуулийн үр дүнг харж болно гэдгийг зарим улс төр судлаач хэлсээр байна. Гадаад бодлого нь тааруу байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байсан сонгуулийн өмнөх уур амьсгалыг Барак Обама өөрчилж чадсан гэлтэй. Митт Ромнигийн хувьд гадаад бодлогоор Барак Обамаг ялах цорын ганц боломж байсан гэдгийг ажиглагчид цохон тэмдэглэсэн. Мөн Митт Рамни Б.Обамаг Ираны дайнд хоёр их наяд ам.доллар зөрцуулсныг буруутгасаар цагийг өнгөрөөсөн. Харин Барак Обама өнгөрснийг эвтэйхэн тайлбарлаж, хийх гэж буй зүйлээ цэгцтэй ард түмэнд ойлгуулж чадсан талаар CNN агентлаг мэдээллээ. Митт Ромнигийн тавьсан “Ноён Ерөнхийлөгч өө, АНУ дэлхийн тэргүүлэгч орон гэдэг байр сууриа таныг Ерөнхийлөгч болсноос хойш яагаад алдчихав” гэсэн асуултад Б.Обама “Бид одоо ч тэргүүлэгч орон хэвээр байна. Дэлхий даяараа эдийн засгийн хямралд ороод байгаа энэ үед өөр аль нэг улсыг тэргүүлэгчийн эгнээнд орлоо гэж хэлэх гээд байна уу. Бид одоо ч хүчирхэг байгаа. Байсаар ч байх болно” гэж хариулсан нь мэтгэлцээний үеэр томоохон оноо авсан юм.
Мэтгэлцээнийг хөтөлж явуулсан Боб Шиффер нэр дэвшигчдээс “Нэр дэвшигчийн хувьд Ойрхи Дорнодын асуудал гэлтгүй улам хүчирхэг болсоор байгаа Аль-Кайда бүлэглэлийн талаар юу гэж бодож байна. Тэдний террорист үйл ажиллагаа сүүлийн нэг жилийн хугацаанд идэвхжсэн шүү дээ” хэмээн асуусан. Митт Ромни “Тэднийг үндсээр нь цэвэрлэхгүй бол дахин террорист үйл ажиллагаа явуулсаар байх болно” хэмээжээ. Харин Барак Обама “Терроризм гэдэг зүйл сүүлийн 10, 20 жилийн өмнө гараад ирсэн зүйл биш. Үеийн үед байсан зүйл. Гэхдээ олон нэр томьёогоор нэрлэж ирсэн. Дэлхийн номер нэг тус бүлэглэлийн талаар манай улс хангалттай сайн мэдээлэл цуглуулсан гэж бодож байна. Тиймдээ ч аливаа халдлага үйлдэхээс нь өмнө илрүүлэх аргачлал бидэнд байгаа нь давуу тал. Арабын хувьсгалтай холбогдуулж тэдний үйл ажиллагаа идэвхжсэн нь үнэн. Гэхдээ бидэнд давуу тал байна. Ашиглах цаг ч хангалттай байна” хэмээн хариулсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй одоогийн Ерөнхийлөгч Барак Обама, Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байгаа Митт Ромнигийн эцсийн шатны халз тулаан иймэрхүү байдлаар өрнөлөө. Ажиглагчид энэ удаагийн мэтгэлцээнээр Б.Обамад маш том давуу байдал үүссэн гэдгийг онцолсоор байна.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин