![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/10/392cbbc1d954715d/f368601dd4e8136original.jpg)
УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангайн маргаанаас үүдсэн улс төрийн гацаа арилж, 2013 оны төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг өнөөдрөөс эхлүүлэхээр боллоо. Хуулийн дагуу ирэх оны улсын нэгдсэн төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой. Уг нь өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг эхлүүлэх байсан ч сөрөг хүчин МАН-ын зүгээс жагсаал зохион байгуулж, чуулганы танхимыг буйдангаар хааж сууснаар чуулганы үйл ажиллагаа тасалдсан юм. Харин өчигдөр Ардчилсан нам болон Монгол Ардын намын гишүүд зөвшилцөж, тохиролцоонд хүрч чадсан тул өнөөдөр 15.00 цагт зарласан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд МАН-ын гишүүд оролцохоор болов. Уг нь хуралдааны эхэнд Өвөрхангайн тойрогт АН-аас нэр дэвшсэн Д.Зоригт, Г.Батхүү нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх талаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч өчигдөр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь МАН-ын гишүүдийн ахлагч Н.Энхболд нар уулзаж, ярилцсанаар тангараг өргүүлэх тухай асуудлыг түр хойшлуулж, цаг хугацааны хувьд тулгамдуу болоод буй ирэх жилийн төсвийн төслийг хэлэлцэхээр тохиролцжээ.
Т.МАША