Монгол 12 орныг ардаа орхилоо

Хуучирсан мэдээ: 2012.10.24-нд нийтлэгдсэн

Монгол 12 орныг ардаа орхилоо

Монгол Улсын нэрээр хаяглагдсан нэгэн таатай мэдээ байна. Өмнө нь бизнес эрхлэхэд таагүй хэмээн байсхийгээд л арагш ухарчих гээд байдаг “Doing Business 2013” судалгаагаар монголчуудыг энэ удаад амжилт гаргасан гэж дүгнэжээ. Манай улс Дэлхийн банкны “Бизнес эрхлэх нь 2013” судалгаанд 185 орноос 76 дугаар байрт урагш алхан гарч ирэв. 2012 оны судалгаанд Монгол Улс 183 орноос 88-д бичигдэж байснаа ийнхүү нэг жилийн дотор 10 гаруй орныг ардаа орхив. 

“Монгол Улс бизнес эрхлэх орчин улам хялбар болгох гэж тасралтгүй шинэчлэл хийж байгаа нь компаниудын ажлаа урагшлуулах явцыг хялбар болгож байна” гэж Дэлхийн банкны “Бизнес эрхлэх нь” судалгаанд бичсэн байна.  

Сингапур, Хонконг, Шинэ Зеланд улсууд бизнес эрхлэхэд хамгийн таатай эхний гурван орон болсон юм.

Монгол Улс 2011-12 онд бизнестэй холбоотой гурван хуульд доорх шинэчлэлийг  хийж гурван оноо нэмж авч, шинэчлэлээр тэргүүлсэн 10 орны нэг болжээ. 

1.    Хязгаарлагдмал хувьцаат компани байгуулахад шаарддаг дүрмийн сангийн доод хэмжээг хүчингүй болгосноор нэг оноо авсан. Монголд шинэ бизнес эхлүүлэхэд 12 өдөр хэрэгтэй хэвээр байна. Нэрээ, авах бичиг баримтаа нотариатаар баталгаажуулахаас эхлээд тамгаа авахад 12 өдөр болон 90 гаруй мянган төгрөг шаарддаг байна. Энэ үзүүлэлт долоон жилийн турш өөрчлөгдөөгүй юм.   

2.    Мөн зээл авсан хүн зээлийнхээ мэдээллийг шалгах эрхтэй гэдэг шинэ хуулийн заалт оруулсан нь нэг оноо нэмж өгсөн байна. 

3.    Хөрөнгө оруулагчдыг хамгаалах тал дээр гэрээ хэлцэл хийхэд мэдээлэл бүх түншүүдэд ил тод, хүртээмжтэй байх шаардлагыг чангатгасны ачаар мөн нэг оноо нэмж авсан байна. Шинэ компанийн хууль мөрдөгдөж эхэлснээс хойш Монгол Улс мэдээллийг нийтлэх чанарын үзүүлэлт тав байснаа зургаа болж өсчээ.

Монголын бизнесийн орчинд одоо мөрдөгдөж байгаа зохицуулалтуудыг харилцан адилгүй дүгнэсэн байна.

Жишээ нь, эд хөрөнгөө бүртгүүлэх үзүүлэлт дээр 22 оноо авсан байна. Шинээр хөрөнгөө бүртгүүлж баталгаажуулахад дунджаар 11 өдөр болдог ба хүсэлтээ өргөн мэдүүлж бүртгүүлэхээс эхлээд таван шат дамжлага хэрэгтэй. 

Харин эрчим хүчинд холбогдох үзүүлэлтэд 169 оноо авсан байна. Учир нь манайд эрчим хүчинд холбогдоход 100-аад өдөр хэрэгтэйгээс гадна болон олон сая төгрөг шаардлагатай байдаг юм. 

Гэрээг хэрэгжүүлэх үзүүлэлт 29 оноо авсан байна. 

Харин хил дамнасан худалдаа хийх тал дээр 175 оноо авсан юм. Экспортоор нэг чингэлэг бүтээгдэхүүн гаргахад 10 гаруй зөвшөөрлийн бичиг баримт, 49 өдөр 2555 ам.доллар шаардлагатай болдог гэжээ.

Өнгөрсөн жил Польш улс хамгийн их ахиц гаргасан байна. Хөрөнгийн бүртгэл, татварын орчин, гэрээг хэрэгжүүлэх болон дампуурлыг шүүхээр шийдвэрлэх дөрвөн үзүүлэлтэд зохицуулалт шинэчлэл хийж бизнес хийхэд хялбарчлах оноогоороо тэргүүлжээ.

Польшийн араас манай улстай нийлээд есөн орон бизнес хийхийг хялбарчлах тал дээр хамгийн их амжилт гаргасан байна. 

Б.ХАЛИУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж