“Хан Ресурс” хохирлоо барагдуулна

Хуучирсан мэдээ: 2012.10.24-нд нийтлэгдсэн

“Хан Ресурс” хохирлоо барагдуулна

“Хан Ресурс” компани саяхан Дорнодын ураны орд дахь кэмпээ буулгаж, харуул хамгаалалтын болон тогооч зэрэг ажилчдаа чөлөөлжээ.

Өнгөрөгч  сарын сүүлээр олон улсын арбитрын шүүхээс Монголын Цөмийн энергийн газраас болж “Хан Ресурс” хохирсон гэх заргийг шүүж, шийдвэр “Хан”-ы талд гарсан билээ. Гэхдээ компанийн Монголд ажиллах найдвар нь тасарсан бололтой, гурван жил тус орд газраа манасны эцэст кэмпээ буулгажээ.

Дорнод Ураны ордод өмнө нь оросууд хайгуул хийж, уран байгааг нь тогтоосон ч олборлох хөрөнгө Орос Монголын алинд нь ч байгаагүй учраас Канадын тал олборлох мөнгийг нь гаргахаар тохиролцож, ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл/лицензийг “Төв Азийн уран” хэмээх хамтарсан нэр дээр өгчээ.  

Канадад бүртгэлтэй “Хан Ресурс” компани Оросын “Росатом” болон Монголын Засгийн газартай хамтран “Төв Өзийн уран” гэдэг хамтарсан компани байгуулж, Канад 58, Монгол 21, Орос 21 хувь эзэмшихээр баталгаажуулсан байна.

Монгол уранаа ашиглуулах учраас үүнийг нь 21 хувийн хөрөнгө оруулалт, оросууд нөөцийг нь урьдчилан тогтоосон бас тэнд байгуулсан дэд бүтцээ ашиглуулахаар болж, 21 хувийн хөрөнгө оруулалт гэж тооцохоор болсон байна. 

Канадын “Хан Ресурс” компани Торонтогийн хөрөнгийн биржээс мөнгө босгож, түүгээрээ нэмж хайгуул хийгээд, 43-101 олон улсын стандартаар нөөцөө батлуулж,  мөн ТЭЗҮ хийж дуусган ашиглаж эхлэх гэтэл лицензийг нь хүчингүй болгожээ. Тэр үед Цөмийн энергийн газар ураны лицензүүдийг цэгцлэх хэмээн “Төв Азийн уран”-ы лицензийг түр хурааж аваад дахиж олгоогүй. Эх нуурын тусгай хамгаалалттай газарт лицензтэй талбайн 5 га газар орсон, мөн нөхөн сэргээлт хийгээгүй гэдэг шалтгаанаар хүчингүй болгосон байдаг.

“Хан Ресурс” мэдээж шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэрт “Цацраг идэвхит ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэх, олгох хүртлээ үүнийг түдгэлзүүлэх хүчингүй болгох эрх Цөмийн Энергийн газарт хуулиар олгогдоогүй”, “Хүчингүй болгох тушаал 2009 оны аравдугаар сарын 9-нд гарсан байхад, хүчингүй болгосон гэдэг тушаалыг энэ өдрөөс өмнө хүргүүлснийг баримтаар тогтоосон учраас мэдэгдлийг илт хүчингүйд тооцох үндэслэлтэй”, мөн “Цөмийн Энергийн хууль, Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын цафраг идэвхит ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр үндэслэлгүй болно. Шинэчлэн бүртгэх хүртэл тусгай зөвшөөрөл хүчингүй болно ЦЭГ-ын шийдвэр хүчин төгөлдөр бус” гэж үзсэн байдаг.

Гэвч Цөмийн энергийн газар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учраас “Хан” дахиад Арбитрт хандсан. 

Хариуцагч нь Монголын Засгийн газар. Гэтэл үнэндээ Монголын Засгийн газар ч гэсэн хохирогч. “Төв Азийн уран” хамтарсан компанийн 21 хувийг эзэмшиж байгаа учраас лицензийг цуцлуулсан учраас хохирогч. Мөн шүүхэд хариуцагчаар татагдаж байна. 20 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн “Хан” манай Засгийн газраас 200 сая ам.долларын хохирол нэхэмжилж байна.

Өдгөөгөөс яг нэг жилийн өмнө үүнийг бичигч “Хан Ресурс”-ын захирал Грант Эдэйтэй уулзаж байсан юм. Тэр үед лицензээ авчихвал олборлолт хийж Монголд үргэлжлүүлэн ажиллана гэж ярьж байсан ч одоо бол зөвхөн мөнгөө авч хохирлоо барагдуулахаар шийдсэн байна. 

Одоо тэдэнд итгэж хөрөнгө оруулах хүн олдохгүй учраас алдсан цаг хугацаа, олж болох байсан ашгаа тооцоод хохирлоо л барагдуулах зорьж байгаа гэж уг хэрэгтэй ойр эх сурвалж мэдээлсэн юм. 

2013 оны дөрөвдүгээр улиралд “Хан”-ы хохирлыг хэрхэн барагдуулахыг шийдэх Арбитрын шүүх хурал болно.

Б.ХАЛИУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж