МАН-ынхан чуулганд оролцоно гэв

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

МАН-ынхан чуулганд оролцоно гэв

УИХ дахь МАН-ын гишүүд дөнгөж 18.30 цагт хэвлэлийнхэнд хандаж мэдэгдэл хийлээ. Үүгээр УИХ дахь МАН-ын гишүүдийн ахлагч Н.Энхболд маргааш 15.00 цагт эхлэхээр тов зарлаад байгаа УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцохоор болсон гэж мэдэгдэв. Уг нь хуралдааны эхэнд Өвөрхангай аймагт нэр дэвшин өрсөлдсөн Ардчилсан намын гишүүн Д.Зоригт, Г.Батхүү нарыг тангараг өргүүлэх талаар хэлэлцэх байсан. Харин УИХ-ын гишүүн, Н.Энхболд Ардчилсан нам дахь УИХ-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай уулзаж ярилцаж, тангараг өргүүлэх тухай асуудлыг түр хойшлуулж, цаг хугацааны хувьд тулгамдуу болоод байгаа ирэх жилийн төсвийн төслийг хэлэлцэхээр тохиролцоонд хүрсэн учир ийнхүү чуулганы хуралдаанд оролцохоор боллоо гэсэн байна.

Төсвийн шинэ хуулиар бол ирэх жилийн төсвийг дөрвөн хэлэлцүүлгээр арваннэгдүгээр сарын 15 гэхэд батлах ёстой. Гэтэл одоо төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг л байнгын хороодоор хэлэлцэж эхлээд байгаа учраас хоёр тал ийнхүү тохиролцсон аж. Харин Өвөрхангайн сонгуулийн маргаантай асуудлаар МАН-ын нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлтбаатар, Ардчилсан намын нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нар тус тусдаа гомдол гаргаад байгаа учраас уг асуудлыг УИХ-аар хэлэлцэхийг хойшлуулах нь зүйтэй гэж тохиролцсон гэжээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж