Монгол, Хятадын Хөдөө аж ахуйн яам хоорондын тавдугаар хурал энэ сарын 23-нд Улаанбаатар хотноо боллоо.
Энэ удаагийн хурал нь Монгол, Хятадын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан, шинэ шатанд гаргаснаараа онцлог болж байна.
Хоёр тал 2013-2014 онд хамтран ажиллах чиглэлийг тодорхойлсон протоколд гарын үсэг зурлаа. Хөдөө аж ахуйн механикжуулалт, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт, малын эрүүл мэнд, хил дамжин халдварладаг малын халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, шүлхий өвчнөөр тайван бүсийг харилцан зөвшөөрөх, хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчин, фермерүүдийн чадавхи бэхжүүлэх зэрэг асуудлаар яриа хэлэлцээ хийв.
Протоколд гарын үсэг зурах үеэр ҮХААЯ-ны стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш “Хоёр орны уулзалт уламжлал болоод 10 жил болж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд маш дэвшилттэй байна гэж үзэж байна. 200 сая ам. долларын хөрөнгө оруулалт хамтын ажиллагаа явагдлаа. Малчид, тариаланчид, хадлан бэлтгэл болон мал эмнэлгийг чухалчилж байгаа. Мал эмнэлгийн талаар сургалт явуулахаар хамтын ажиллагаандаа тусгасан зэрэг олон үр бүтээлтэй ажлуудыг хэрэгжүүлж хөрсөн дээр буулгана. Үйлдвэрлэлийг хоёр жил байсан бол гурван жил болгон өргөжүүлсэн зэрэг үр дүнд хүрсэн” гэлээ.
Харин БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яамны Олон улсын хамтын ажиллагааны товчооны дарга Чу Сиши “Хамтын ажиллагаа 2002 оноос эхэлсэн. Одоо тав дахь хурал маань амжилттай боллоо. Сүүлийн хоёр жилийн үр дүнг дүгнээд ирэх хоёр жилийн хамтын ажиллагаагаа төлөвлөлөө. Манай улс ерөнхийдөө Монгол Улсыг их сонирхож байгаа, жишээлбэл өвлийн хүлэмж, ургуулах ургацын нөөц зэрэг туршлага солилцох зүйл олон байгаа хэмээн ярьсан юм.
Тус хурлыг 2002 оноос хойш хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд дараагийн хурлыг БНХАУ-д 2014 онд зохион байгуулна.