Олон улсын хүний эрхийн музейн холбооны хурал болов

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Олон улсын хүний эрхийн музейн холбооны хурал болов

ЮНЕСКО, Олон улсын музейн зөвлөл /ICOM/, Paul Hamlyn сан /PHF/-гийн дэмжлэг, санхүүжилтээр Олон улсын хүний эрхийн музейн Холбооноос /FIHRM/ зохион байгуулдаг олон улсын III хурал саяхан “Музей ба хүний эрх” гэсэн сэдвийн хүрээнд Англи улсын Ливэрпүүл /Liverpool/ хотноо боллоо.

Одоогоос таван жилийн өмнө Олон улсын боолчлолын музей нээгдэж, хүний эрхийн төлөө тэмцэх үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр дэлхийн олон музейнүүд энэ чиглэлээр идэвхитэй ажиллаж, Засгийн газрын үйл ажиллагааг хүний эрх, эрх чөлөөний төлөө анхаарал хандуулахад чиглэсэн арга хэмжээ зохион явуулдаг болсон.

Энэ удаагийн хуралд дэлхийн 15 орны 70 гаруй музейн мэргэжлийн ажилтан, төлөөлөгчид оролцож, музейн олон нийт,боловсролын ажил ба хүний эрхийн чиглэлээр музейгээс явуулдаг төлөвлөгөөт арга хэмжээнүүдийг хэрхэн зохион байгуулдаг, хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажилладаг арга хэлбэрүүд, тэдгээрийн үр дүн, нийгэмд үзүүлэх нөлөөний талаар ярилцав.

Монголын талаас Монгол Цэргийн музейн эрдэм шинжилгээний ажилтан А.Ганганчимэг  оролцож, Монгол Улсын 1930-аад оны цэргийн удирдах бүрэлдэхүүний улс төрийн хэлмэгдүүлэлтийн түүх ба улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг тухай илтгэл хэлэлцүүлжээ. Энэ хуралд зөвхөн илтгэгчдийн илтгэлийг хэлэлцээд зогссонгүй тухайн музейтэй хамтран ажилладаг сургууль, тэр чиглэлээр судалгаа хийдэг оюутнууд, тухайлбал Ливэрпүүл хотын “Holly Lodge”охидын сургуулийн сурагчдыг оролцуулан хэрэгжсэн төсөл хөтөлбөрийг ч дүгнэн хэлэлцжээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж