Монголд хөрөнгө оруулах төслүүдийг судалж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Монголд хөрөнгө оруулах төслүүдийг судалж байна

Монгол-Германы эдийн засгийн хорооны хоёрдугаар хамтарсан хуралдаан өнөөдөр “Blue sky”  цамхагт боллоо. Уг хуралдааныг Монгол-Германы эдийн засгийн хороо, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран зохион байгуулсан юм. Энэ үеэр хоёр улсын бизнесийн салбар дахь хамтын ажиллагааны тухай цогцоор нь ярилцсан.

Өмнө нь ч, одоо ч Европын улсуудаас хамгийн сайн түнш  нь ХБНГУ байгаа. Герман улс түүхий эд, технологийн салбарт Монгол Улстай хамтран ажиллах гэрээний  дагуу ажлын хэсэг байгуулан ажиллаж буй. Гэхдээ манай Засгийн газар зөвхөн хуралдаад ажил явахгүй байна гэж үзээд, хувийн салбарынхныг хамруулах хэрэгтэй гэж үзэн Герман Монголын хувийн салбарынхны төлөөлөл багтсан Эдийн засгийн хороог байгуулсан юм. Хорооны анхны хуралдаан энэ оны гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Германд хийсэн айлчлалын үеэр Берлин хотноо болсон. Тэгвэл хоёр дахь нь энэхүү хамтарсан хуралдаан юм. Уулзалтаар талуудын бизнес компаниудыг холбох, хэрэгтэй төсөлд хөрөнгө оруулахыг голчилж ярилцаж байна.

Энэ талаар Хуралдааныг зохион байгуулагч “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн мэргэжилтэн Л.Баяртуулаас тодрууллаа.

-Германаас Монголд бизнесийн ямар санал дэвшүүлж байгаа вэ?

-Герман манай улстай урьд өмнөөс л хамтын ажиллагаатай байсан ч энэ хуралдаанаар Монголын бизнесийн орчинг илүү нарийвчлан судлах зорилготой байна. Цаашдаа хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөлд хөрөнгө оруулах саналтай байгаа. Ингээд Германы талаас ажил гүйцэтгэх, хамтран ажиллах компаниудаа оруулж ирнэ.

-Монголын талаас ямар төслийг танилцуулж, хөрөнгө татах боломжийг хайж байна вэ?

-Олон жил ярьж байгаа өнөөх л нүүрс шингэрүүлэх төсөл, төмөр замын салбарын танилцуулга, ОХУ-ын нутаг дэсвгэрээр дамжин Монгол Улсаас Герман улс руу экспортлох түүхий эд болон бараа бүтээгдэхүүний гаалийн зохицуулалт, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор, “Эрдэнэс Тавантолгой” төсөл болон уул уурхайн төслүүд дээр Германы талтай хамтарч ажиллах боломж, Газрын ховор элемент төслийг Германы талтай хамтран хэрэгжүүлэх боломж болон хэрэгжилтийг танилцуулж, ярилцана.   Түүнчлэн Нийслэлийн урд зүгт байрлах “Майдар эко сити” хот байгуулах тухай төслийг өнөөдөр анх олон нийтэд мэдээлж байна. Үүнээс гадна Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин ба Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлтийг төлөөлөгчдөд танилцуулна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж