Мэтгэлцээнд Обама ялсан, харин сонгуульд?

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Мэтгэлцээнд Обама ялсан, харин сонгуульд?

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх цуврал гурван мэтгэлцээний сүүлийнх нь Монголын цагаар өнөө өглөө өндөрлөлөө. Нэр дэвшигчид сүүлийн мэтгэлцээнд гадаад бодлого, цэргийн ажиллагааны талаар түлхүү мэтгэлцсэн юм. Сүүлийн мэтгэлцээн ардчилагчдын талд шийдэгдэнэ гэж байсан мэргэжилтнүүдийн таамаг биеллээ олж ийнхүү Обама 2:1-ийн харьцаагаар ялалт байгууллаа. Обама өөрийн гадаад харилцааны бодлогыг хамгаалж, бүгд найрамдахчуудын бодлого дахиад хүйтэн дайн руу хөтлөх аюултай гэдгийг ч сануулж байсан юм. Угтаа түүний энэ зан чанар нь сүүлийн мэтгэлцээнд ялалтад хөтөлсөн байж болох талтай.

Ширүүн асуудал

Хоёр нэр дэвшигчийн хооронд цэргийн ажиллагааны тал дээр нэлээд ширүүн мэтгэлцээн өрнөсөн юм. Сири улсад үүсээд байгаа иргэний дайны нөхцөл байдал хийгээд хөрш орнуудын аюулгүй байдлыг хэрхэн хангах, чухам яагаад Башар аль Хассадыг үгүйсгээд иргэний дайн дэгдээсэн талаар Ромни, Обамагаас асууж манайхны хэлдгээр “байдалд оруулсан”. Мөн Лив, Иракийн асуудлыг хэрхэн шийдэхийг ч тэр мөн асуугаад амжсан. Ерөнхийдөө энэ асуудал бүгд найрамдахчуудын талд нааштай сэдэв учраас үзэгчдийн үнэлгээг авах нь гарцаагүй байсан. Гэхдээ Обама үүнийг өнгөрсөн найман жилийн турш хэлж байсан ерөнхийлөгчдийн үгстэй ижилхэн хариулсан.

“Гадаад бодлогын асуудал ерөнхийдөө хэцүү. Сүүлийн дөрвөн жилийн турш хийсэн цэргийн ажиллагаануудаас АНУ-ын иргэд дийлэнхэд нь таагүй хандаж байсан. Гадаадын иргэд ч үүнийг өөр өнцгөөс нь хардаг. Харин өнөөдөр Ромнигийн дэвшүүлсэн санаанууд ерөнхийдөө зөв байсан. Гэхдээ тэрээр нийт америкчуудыг бүгдийг нь доромжилсон өнгө аястайгаар хариулсан нь эргээд өөрийг нь боомилчихлоо” гэж СNN агентлагын тоймч Марк Мардель ярьжээ.

Баттай бус эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Хятад, Японы хооронд өрнөөд байгаа арлын маргаанд АНУ гол тоглогч нь байхыг хүсч байгаа аж. Гэхдээ маргалдсан хоёр улс хөндлөнгөөс олон улсын хамтын нийгэмлэг оролцохгүй байхыг хүсээд байгаа. Харин АНУ-ын хувьд энхийн хэлэлцээрийг тогтоох зорилготойгоор Японы асуудалд оролцох гэж байгаа аж. Мөн дээрээс нь Газын зурваст үүсээд байгаа асуудалд АНУ өөрийн байр сууриа илэрхийлж цэргийн ажиллагаа явуулахаас буцахгүй гэдгээ ч албаны хүмүүс мэдэгдээд буй.

Шүүмжлэл дахин шүүмжлэл

Ромнигийн баримталсан тактик бүхэлдээ ийм байлаа. Олон улсын асуудлыг ярьсан ч засаглалын бодлогыг шүүмжилж, дунд нь эдийн засгийн уналтыг сануулна. Олон улсын худалдаа ярихад мөн л ажилгүйдлийн өндөр хувийг хавсаргана. Энэ нь ихэнх залуу сонгогчдын дургүйцлийг хүргэж байгааг твиттерээр нисч байгаа жиргээнүүдээс харж болно. “Ерөнхийдөө бидний тактик буруу байлаа. Гэхдээ энэ мэтгэлцээнээр бүх зүйл дуусчихгүй” гэж Бүгд найрамдах намын сонгуулийн кампанит ажлын ахлах зөвлөх Алекс Кастеланос ярьсан юм.

Ромнигийн хувьд цэргийн хүч тэр дундаа Тэнгисийн цэрэг болон агаарын хүчний бие бүрэлдэхүүний шинэчилж, тоог нь нэмэн, дахин зэвсэглэлээр хангах хэрэгтэйг олон дахин хөндөж байсан юм. Үүнийг Лив болон Иракчууд тийм ч сайнаар хүлээж авахгүй нь тодорхой. “Тэнгисийн цэрэг маш жижигхэн бас хөгшин. 1916 онд байгуулагдсан. Агаарын хүчин нь жижигхэн дээрээс нь дэндүү хоцрогдсон 1945 онд байгуулагдаж байсан. Үүнийг нэн даруй зогсоож шинэчлэхгүйгээр бид хол явахгүй” гэж Ромни ярьж байсан юм. Харин Обама үүнийг эрс эсэргүүцэж байсан юм.

“Манай агаарын цэргийн хүчин дэлхийд дээгүүрт ордог. Нисдэг төхөөрөмж, сүүлийн үеийн зэвсэглэл гээд байж болох бүх зүйлс бидэнд бий. Тэнгисийн цэргийн тухайд мөн ялгаагүй. Шумбагч онгоц, компьютерээр тоноглогдсон цөмийн бөмбөг тээгч онгоцнууд бий. Үүнийг үгүйсгэж болохгүй. Зэвсэглэл, арми гэдэг бол тоглоом биш. Дайн, тулаан ч тийм их хүсээд байхаар эд биш. 1945 онд дайн болж байсан болохоор огцом нэмсэн юм бий. Одоо харин ямар нэгэн дайн тулаан болоогүй байна” гэж Обама ярьжээ.

Үүнээс хойш тэд Осама бин Ладен болоод есдүгээр сарын 11, Арабын ертөнцийн талаар мэтгэлцсэн юм. Эхний мэтгэлцээнийг бодвол намуухан уур амьсгал дунд өрнөсөн нэр дэвшигчдийн мэтгэлцээн сүүлдээ боловсрол, жендер, эдийн засгийн асуудал руу бага зэрэг орсон. Үүнийг Ромни өөртэй ашигтайгаар эргүүлэхийн тулд алдартай шүүмжлэлүүдээ ярьсан. Гэсэн хэдий ч үр дүнд нөлөөлсөнгүй.

Сонгууль хэрхэх вэ?

Судлаачдын хэлж буйгаар тэдэнд аль, алинд нь ялах магадлал бий. Мөн Ромнигийн хөндөж орхисон гадаад харилцааны асуудал дийлэнх сонгогчдод хүрээд эхэлбэл Обамад халгаатай болж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. “Үнэхээр эргэлзээтэй. Хэн нь ч ялах магадлалтай. Гэхдээ кампанит ажлаа хэрхэн зөв хийхээс шалтгаалах байх. Хоёр долоо хоногийн дараах үйл явдлыг харж л байя” гэж Марк Мардель ярьсан юм.

Хэрвээ Ромнигийн гадаад бодлогын талаарх шүүмжлэл сонгуулийн өмнө эрчимжвэл сонгуулийн салхи бүгд найрамдах руу эргэж болох талтай. Энэ нөхцөл байдлыг ардчилсан намынхан зүгээр өнгөрүүлэхгүй нь гарцаагүй.

Мэтгэлцээн үзэгчдээс хэн нь ялсан бэ гэсэн судалгаа явуулахад Ромни дөнгөж 25 хувийн санал авсан байна. Харин нийт эмэгтэйчүүдийн 59 хувь нь Обамаг хүчтэй удирдагч гэж үзсэн бол эрэгтэйчүүдийн 53 хувь нь Ромниг хүчтэй удирдагч гэж үзсэн байна. Тиймээс үр дүн хэрхэхийг хүлээх л үлдлээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж