![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/5/b0791dfe9fd8a82f/2e58a99dd715d7big.jpg)
Хэлэлцүүлгийн шатанд хөндөгдсөн хоёр дахь асуудал нь шаардлагагүй зардлууд 2013 оны төсөвт нэмэгдэж орж ирсэн тухай байлаа. Энэ асуудлын хүрээнд УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Ж.Эрдэнэбат асуудал хөндөв. Тэрбээр гадаад томилолтын зардал өмнөх жилийнхээс өссөн байгааг онцолсны зэрэгцээ нефть, цахилгаан, нүүрсний үнэ нэмэгдэхгүй гэж үзсэн нь хямрал болж болзошгүй хүнд үед эрсдлийг урьдчилан тооцоолоогүй аргачлал болох талтайг сануулав.Тэр дундаа тэвчиж болох зардлыг нэмэгдүүлсэн атлаа зайлшгүй шаардлагатай зардлыг нэмэгдүүлээгүй байна гэж шүүмжилсэн юм.
Сангийн сайд Ч.Улааны тайлбараар бол зайлшгүй шаардлагатай амин чухал зардал болох цэцэрлэг, дотуур байрны хоолны зардлын үнийн өсөлтийг тооцсоноос бусад салбарынхыг оруулах бололцоогүй эх үүсвэртээ хязгаарлагдсан. Нөгөө талаас хямралын үед олон улсын зах зээл дээр нефтийн үнэ төдийлөн өсдөггүй гол төлөв буурч байдаг. Тэр утгаар нь энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ өсөхгүй хэмээн тооцоолжээ. Мөн урсгал зардлыг хорогдуулах боломжгүй, энэ нь эрсдлийг тусгаж чадаагүйтэй холбон тайлбарлалаа.
Харин Сангийн яамны холбогдох албан тушаалтны хэлснээр гадаад томилолтыг гуравхан субьект дээр нэмэгдүүлсэн бол бусад салбарыг өмнөх оныхоор царцаажээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр урсгал зардлыг бууруулахтай холбоотойгоор Засгийн газрын төвшинд тодорхой бодлого барьж ажиллахаа онцолсон юм. Тэрээр “УИХ-аас хууль батлагдах бүрийд нэг шинэ бүтэц бий болдог, түүнийгээ дагаад зардал нэмэгддэг ч эх үүсвэрийг нь хаанаас бүрдүүлэх вэ гэдэг тодорхойгүй байдаг. Үүнээс болж улсын төсөв жил бүр данхайдаг. Эл тогтолцоог бүрэн өөрчилнө. Жишээ нь хууль санаачлах хүрээнд шинэ бүтэц бий болох бол хэдий хэмжээний хөрөнгө шаардах. Шаардлагатай хөрөнгийн хэмжээ нь үндэслэлтэй юу гэдгийг заавал Засгийн газрын хуралдаанаар оруулж хянуулна. Дээр нь эх үүсвэрийг яаж бүрдүүлэх талаар төсөлд маш тодорхой заалтаар тусгах. Хэрвээ тухайн салбараас эх үүсвэрийг бүрдүүлэх боломжгүй бол ямар төрлийн татварыг нэмэгдүүлэх юм бэ гэдэг нь тодорхой туссан байх ёстой. Ийм төслийг УИХ хэлэлцэн батлах ёстой. Дээр нь төрийн байгууллагын бүтэц бүрэлдэхүүний зураглалыг гаргаж ажлын давхардлыг арилгах ёстой. Ажлын давхардал арилснаар орон тоо ч цэгцэрнэ. Илүүдэл орон тоог цөөлж, улмаар түүнд зарцуулахаар төлөвлөсөн хөрөнгийг үлдсэн хүмүүсийнхээ цалинг нэмэгдүүлэхэд зарцуулах. Гуравт, зардлыг нэмэгдүүлэхдээ тухайн жилийнх нь инфляцийн төвшинтэй уясан нэгдсэн төсвийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлдэг байх бодлого барьж ажиллана” гэлээ.
Мөн Сангийн сайд Ч.Улаан “Үндэсний аудитын газраас гаргасан орлогыг нэмэгдүүлэх зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр УИХ шийдвэрээ гаргах ёстой, харин урсгал зардлыг бууруулах чиглэлээр гаргасан зөвлөмжүүдийг хүлээн авах бололцоогүй. Учир нь эрсдлийг тооцоолоогүй төсвийн төсөл өргөн барьсан байхад зардлыг бууруулах нь хэвийн үйл ажиллагааг алдагдуулах талтайг анхааралдаа авахыг гишүүдэд сануулснаар энэ удаагийн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөлөө.