МҮОНРТ нь ардчилсан, чөлөөт, эрх зүйт нийгмийг төлөвшүүлэн хөгжүүлэх, хараат бус, мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэхэд манлайлагч, улсын төсвөөс санхүүждэг байгууллага билээ. Харамсалтай нь сүүлийн үед МҮОНРТ-ийн ММ агентлагын “Цагийн хүрд” хөтөлбөр нь Ардчилсан Намын сонгуулийн штаб хэлбэрээр илт ажиллах боллоо. Жишээ нь 2012 оны 10 дугаар сарын 18-19-ний өдрийн 20 цагийн Цагийн хүрд хөтөлбөрөөр Өвөрхангайн сонгуулийн маргаантай асуудлаар Г.Батхүү, Д.Зоригт нарын өмгөөлөгч А.Мөнхболдыг бие даасан хуульч мэтээр танилцуулж тэрбээр мэдээллийн хөтөлбөрийн дундуур бүтэн 7 минутын турш болсон үйл явдлыг илт гуйвуулж зөвхөн нэг талыг барьсан мэдээлэл түгээв.
Түүнчлэн тус өдрүүдэд УИХ дахь АН-ын зүгээс явуулж буй хууль бус үйл ажиллагааны эсрэг Өвөрхангай аймгийн сонгогч иргэд оролцон зохион байгуулагдсан олон нийтийн жагсаал, цуглаан, эсэргүүцлийн арга хэмжээг ММ агентлагийн удирдлага “Цагийн хүрд” хөтөлбөрөөр бодит байдлаас өөрөөр мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангалгүй нэвтрүүлсэнийг эсэргүүцэж энэхүү шаардлагыг хүргүүлж байна. Түүгээр ч үл барам уг арга хэмжээг олон нийтэд тэнцвэртэй, бодит байдлаар нь хүргэхийг хичээсэн сэтгүүлчдийг дарамталж, албан тушаал бууруулах арга хэмжээ аван, үйл явдлыг дан ганц АН-ын байр суурийг дөвийлгөсөн байдлаар олон нийтэд түгээж байгаа нь хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж, олон нийтийн тэнцвэртэй, тэгш мэдээлэл авах эрхийг зөрчсөн эрх баригчдын бусармаг үйл ажиллагааны гар хөл болсон үйлдэл мөн гэж үзэж байна.
Иймд татвар төлөгчдийн хөрөнгийг нэг намын эрх ашигт нийцүүлэн зарцуулж буй хууль бус үйл ажиллагаагаа даруй зогсоож, сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангаж, иргэдийн мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуульд заагдсан эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандаж, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Олон нийтийн радио, телевиз үйл ажиллагаандаа хараат бус байх, бодит мэдээлэл олж авах иргэний эрхийг хүндэтгэх, олон ургальч үзэл, ил тод байдлыг эрхэмлэх, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн, улс төрийн намын эрх ашгийг бус нийт үндэсний эрх ашгийг дээдлэх” үндсэн зарчмаа барьж ажиллахыг шаардаж байна.