АН-ын эмэгтэй гишүүд Ерөнхий сайдад хандлаа

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

АН-ын эмэгтэй гишүүд Ерөнхий сайдад хандлаа

УИХ дахь Ардчилсан намын эмэгтэй гишүүдийн төлөөлөл М.Батчимэг, Р.Бурмаа, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандан асуулга тавилаа. Уг асуулгад “УИХ-аар хэлэлцэж буй Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төслийн нэгдүгээр хавсралтын 16.5-д тусгасан цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг ашиглахтай холбоотой асуудал бидний анхаарлыг татаж байна. Энэ нь монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах асуудлыг хөндсөн, үндэсний аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудал юм.

Иймд УИХ-ын гишүүд бид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.13-ыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд танд дор дурдсан асуулгыг тавьж, тодорхой мэдээллийг хуульд заасан хугацаанд албан бичгээр ирүүлэх, УИХ-ын нэгдсэн чуулганд сонсгохыг хүсч байна” гэжээ.

Эмэгтэй гишүүд дараах гурван асуулгад хариу өгөхийг хүсээд байна.

  1. Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтын лиценз, энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл;
  2. Монгол Улсын Ерөнхийлөгч Япон улсын Фукушимагийн цөмийн ослын дараа цөмийн хаягдлын тухай асуудлаар 184 тоот зарлиг гаргасны сацуу  2009 онд УИХ-аар баталсан “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”, “Монгол Улсын цөмийн энергийн тухай хууль” зэргийг эргэн харж, шаардлагатай нөхцөлд бодлогоо шинээр боловсруулахыг Засгийн газарт үүрэг болгосон. Энэ дагуу Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ;
  3. Монгол Улсын Засгийн газраас цөмийн эрчим хүчний асуудлаар цаашид баримтлах бодлого зэргээр Ерөнхий сайдаас хариу авахыг АН-ын эмэгтэй гишүүд хүсчээ.
Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж