Сонгинохайрханы эмнэлгийг 25 сая ам.доллараар шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Сонгинохайрханы эмнэлгийг 25 сая ам.доллараар шинэчилнэ

УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр болж Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр хэрэгжүүлэх “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөл, “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл”-ийн зээлийн гэрээний төслүүдийг зөвшилцлөө. Зээлийн гэрээний төсөлд тусгаснаар Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийг боловсруулж 2012 онд 14 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурсан юм байна. Тус төслийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх ажлын хүрээнд доорх ажлыг хийхээр төлөвлөжээ. Үүнд нийслэлийн зарим эмнэлгийг хөгжүүлэх бодлого, стратегийн төлөвлөгөө боловсруулах.  Хоёрдугаарт, эмнэлгийн салбарт дэд бүтэц, хөрөнгө оруулалтыг төлөвлөх тогтолцоог бий болгох. Гуравдугаарт, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг олон төрлийн тусламж үйлчилгээтэй нэгдсэн загвар эмнэлэг болгон өөрчлөх.  Дөрөвдүгээрт, эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх ажлыг тусгажээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг Улаанбаатар хотын бусад дүүрэгт загвар эмнэлэг болгох, олон төрлийн тусламж, үйлчилгээтэй нэгдсэн эмнэлэг болгон өөрчлөхөөр тогтож, эмнэлгийн барилга байгууламжийг шинэчлэх. Тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, орон тоо, хүчин чадлыг сайжруулахад дутагдаж байгаа нэмэлт 25 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр болсон байна. Ингэснээр 300 ортой дотор, хүүхэд, төрөх эмэгтэйчүүд, мэдрэл, мэс засал-гэмтэл, халдварт, хавдар, сэтгэц зэрэг үндсэн мэргэжлийн тусламж, үйлчилгээг амбулатори болон хэвтүүлэн эмчлэх, өдрийн эмчилгээний хэлбэрээр цогцоор нь үзүүлэх эмнэлэг болгон өөрчлөх юм. Сонгинохайрхан дүүргийн загвар эмнэлэг нь 2016 онд ашиглалтад орох аж.

Харин “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын Засгийн газарт 30 сая ам.долларын зээлийг олгохоор төлөвлөсөн юм байна. Төслийн хүрээнд цусны аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн хог хаягдлын менежментийг сайжруулах, эмнэлгийн эрүүл ахуй, халдвараас сэргийлэх, хянах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү төсөл 2018 оны арванхоёрдугаар сард хэрэгжиж дуусах аж.

Дээрх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг 25 сая ам.доллараар 300 ортой цогц эмнэлэг барихад хүрэлцэхгүй ч байх магадлалтай хэмээн болгоомжлуулсан бол гишүүн С.Ганбаатар эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдан авалтад салбарын яамнаас хяналт тавих ёстой хэмээн анхааруулсан юм. Ингээд хоёр үе шаттай хэрэгжих дээрх төслийн хүрээнд гишүүдээс санал хураахад 100 хувь дэмжин санал дүгнэлтээ УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болж тогтсоноор хуралдаан өндөрлөлөө.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж