Мөнгөний авдарт хэн хэдийг нөөцөлж, хэдийг зарах вэ?

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Мөнгөний авдарт хэн хэдийг нөөцөлж, хэдийг зарах вэ?

УИХ-аар Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийг батлахад сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Түрүүчийн жилүүдэд төсвийг арванхоёрдугаар сарын 1-ний өмнө баталдаг хуультай байсан бол өмнөх УИХ-аар Төсвийн тогтвортой байдлын хуулийг шинэчлэн баталснаар дараа жилийн төсвийг өмнөх оны арваннэгдүгээр сарын 15-ны дотор баталдаг болоод буй. Арванхоёрдугаар сарын 1 гэхэд орон нутаг төсвөө хэлэлцээд эхэлчихсэн байх учиртай юм. Өөрөөр хэлбэл, улсын нэгдсэн төсөв баталдаг хугацаа хагас сараар наашлаад байна.Төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын бүтцийн байгууллагуудаар хийгээд байгаа бол хоёрдугаар хэлэлцүүлэг МАН-ын гишүүдийн “буйдантай суулт”-ын улмаас саатаж энэ долоо хоногоос эхэлж байна.

Ингээд ирэх 2013 оны төсөв өмнөх оныхоос ямар ялгаатай байгааг энэ удаа тоймлож үзье.

Жилийн өмнө баталсан төсөв ямар байв?

Түрүүчийн жилийн өдийд Монгол Улсын 2012 оны төсвийн орлогыг 5,8 их наяд, зарлагыг 6,3 их наяд төгрөгт багтаахаар УИХ-аар ярилцаж байв.  Гэхдээ улсын нэгдсэн төсвийг  арваннэгдүгээр сарын сүүлээр эцэслэн батлахдаа 2012 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг  дөрвөн их наяд  630 тэрбум 707 сая, зарлагыг дөрвөн их наяд 865 тэрбум 904 сая байхаар баталсан юм. Шинээр орон тоо нэмэхээр болоод байсан 4000 төрийн албан хаагчийн төсвийг хасч, аймаг, сумдын конторын барилгын зардлыг танасан нь төсвийн орлого нэг их наяд, зарлага нь хоёр их наяд шахам төгрөгөөр хасагдах гол үндэс болж байлаа.

Төсвийн хүрээний мэдэгдлийг яаж батлав?

Өмнөх УИХ бүрэн эрхийн хугацааны отгон хуралдааныхаа төгсгөл хэрд буюу өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөлөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэлэлцэж баталсан юм. Энэ бол ирэх 2013 оны төсвийн төслийн үндсэн суурь гэсэн үг.

Монгол Улсын 2013 оны төсөв хэд хэдэн онцлогтой. Төсвийн тогтвортой байдлын хуулийг хэрэгжүүлэх анхны жилийн төсөв гэдгээрээ онцлог. Бас Монголын түүхэнд өмнө байгаагүй хамгийн том төсөв гэдгээрээ анхаарал татаж байгаа. Ирэх жилийн бас нэг онцлог бол орон нутгийн төсөв 2012 онд нийт төсвийн есхөн хувийг эзэлж байсан бол 2013 онд  26 хувь болох гэж байна. Зарим аймгийн төвийг хотжуулах, орон нутгийг илүү суурьшмал болгохоор энэ өсөлтийг төсөвт суулгажээ.

Ирэх жилийн төсвийн төслийн үндэс суурь болсон Төсвийн хүрээний мэдэгдлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогыг 2013 онд 7,4 их наяд төгрөг буюу ДНБ-ний 39,2 хувь, 2014 онд 8,8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 36,7 хувь, 2015 он гэхэд 10,2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35,1 хувь байхаар тооцсон юм. Арваадхан жилийн өмнө улсын нэгдсэн төсөв хэдхэн сая, тэгснээ хэдэн тэрбум гэсэн тоонд багтдаг байсан бол гуравхан жилийн дараа Монгол Улсын мөнгөний авдарт  10 их наяд хэмээх агуу тоонд багтах мөнгө эргэлдэхээр болсныг Төсвийн хүрээний мэдэгдэл гэрчилж буй.

Олох хийгээд зарах мөнгө

Ирэх жил төсвийн ерөнхийлөн захирагчдын олох хийгээд зарах мөнгийг энэ 2012 оныхтой харьцуулж үзье.

Өнгөрсөн онд баталсан Төсвийн тухай хуулиар 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар 20 сая , УИХ-ын дарга 100 сая, Ерөнхий сайд 830.837 сая, Тэргүүн шадар сайд 10.814.2 сая, Шадар сайд 7.664.6 сая төгрөгийг төсөвт оруулахаар төлөвлөөд байв.

Харин ирэх жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар өмнөхийн адил 20 сая, УИХ-ын дарга 100 сая төгрөгийн орлогыг төсөвт татан төвлөрүүлнэ. ӨӨрөөр хэлбэл, энэ хоёрын төсөвт төвлөрүүлэх хөрөнгөд өөрчлөлт ороогүй гэсэн үг. Монгол Улсын Ерөнхий сайд 7,233.8 сая, Шадар сайд 8,071.1 сая төгрөг төсөвт хуримтлуулахаар боллоо. Ерөнхий сайдын мөнгөний авдарт оруулах хөрөнгө яагаад өсчихөв гэвэл шинэчлэлийн Засгийн газарт Тэргүүн шадар сайд гэсэн орон тоо байхгүй. Түүний олдог байсан мөнгө Засгийн газрын тэргүүнд ногджээ.
Ирэх 2013 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга 1,550.6 сая, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд 166,2 сая, Гадаад харилцааны сайд 13,700.0 сая төгрөг төсөвт оруулна. Хамгийн их нь Сангийн сайд 4,650,846.9 сая буюу дөрвөн их наяд гаруй төгрөг төсөвт төвлөрүүлэхээр болоод байна. Хууль зүйн сайд 49,077.4 сая, Барилга, хот байгуулалтын сайд 3,422.1 сая, Батлан хамгаалахын сайд 11,484.6 сая, Боловсрол, шинжлэх ухааны сайд 4,999.4 сая, Зам, тээврийн сайд 62,485.3 сая, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд 1,222.5 сая, Уул уурхайн сайд 483,065.0 сая, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд 30,468.4 сая, Хөдөлмөрийн сайд 139,900.7 сая, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 3,004.9 сая, Эдийн засгийн хөгжлийн сайд 200.0 сая, Эрүүл мэндийн сайд 99,786.8 сая, Эрчим хүчний сайд 1,537.4 сая төгрөгийг тус тус төсөвт орлого болгон оруулахаар болоод байна.

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын хувьд жилийн өмнө баталсан 2012 оны төсвөөр Ерөн­хий­лөгчийн Тамгын газрын дарга 6,120.1 сая, Ерөнхий сайд 94,208.8 сая, Тэргүүн шадар сайд 48,473.9 сая, Шадар сайд 107,78.4 сая төгрөгийг захиран зарцуулах эрхийг УИХ-аас баталгаажуулсан юм.

Ирэх 2013 оны хувьд Монгол Улсын Ерөн­хий­лөгчийн Тамгын газрын дарга 11,951.3 сая төгрөг захиран зарцуулна. Энэ нь өмнөх оныхоос таван тэрбум гаруй төгрөгөөр зарлага нэмэгдсэн гэсэн үг. УИХ-ын даргын зардал 18,078.9 сая төгрөг байгаа нь 2012 оныхоос 500 гаруй сая төгрөгөөр өсчээ. Монгол Улсын Ерөнхий сайд ирэх онд 181,137.8 сая төгрөг зарцуулна. Өмнөх оныхоос нэлээд өсөлттэй байгааг эндээс харж болно. Мөн л орон тоог нь хассан Тэргүүн шадар сайдын зарлага Ерөнхий сайдын нуруун дээр ирснээс зардал өсчээ.

Харин Шадар сайд 128,960.8 сая, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын  дарга 27,259.0 сая, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд 82,726.0 сая, Гадаад харилцааны сайд 46,815,8 сая төгрөг төсвөөс зарцуулахаар төсөлд тусгажээ. Сангийн сайд 1,576,970.9 сая буюу нэг их наяд гаруй төгрөг зарцуулах нь хамгийн өндөр зардал юм. Түүний дараа орох их зардалтай салбар бол Боловсрол, шинжлэх ухааны яам. Боловсрол, шинжлэх ухааны сайдын ирэх жилийн зарах хөрөнгө 1,103,496.9 сая төгрөг болж байна. 

Хууль зүйн сайд 368,630.1 сая, Барилга, хот байгуулалтын сайд 252,518.5 сая, Батлан хамгаалахын сайд 176,611.8 сая, Зам, тээврийн сайд 617,169.1 сая, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд 163,744.9 сая, Уул уурхайн сайд 24,344.9 сая, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд 308,449.3 сая, Хөдөлмөрийн сайд 248,508.0 сая, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 400,666.8 сая, Эдийн засгийн хөгжлийн сайд 75,566.8 сая, Эрүүл мэндийн сайд 500,469.3 сая, Эрчим хүчний сайд 154,371.3 сая төгрөгийг тус тус төсвөөс зарах эрхтэйг төсвийн төсөлд тусгаад байна.

Эдийн засгийн шинэ салбарууд өсч өндийн, тэр хэрээр улсын төсөв өргөжиж, яамдын зарлага ч нэмэгдсэн нь 2013 онд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах хөрөнгөөс харагдаж байна.  

                                                                            Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж