-Өнөөдөр танай байгууллагаас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, дарга О.Магнайд шаардлага хүргүүллээ. Яг ямар учраас энэ шаардлагыг хүргүүлж байгаа юм бэ?
-Маш олон иргэн манай байгууллагад орон сууцны м2 анх бичигдсэн хэмжээндээ хүрэхгүй байгааг зогсоож, холбогдох байгууллагад нь үүнийг дуулгаж өгөөчээ гэсэн санал ирүүлсэн. Зах зээл дээр байрны үнэ ямаршуухан байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа шүү дээ. Харин м2-ын үнээр бизнес хийж иргэдийг хулхидах явдал газар авлаа. Үүнийг л зогсоох шаардлагатай байгаа юм. Тиймээс бид энэ шаардлагыг хүргүүлж байгаа.
-Өөр байгууллагуудад энэ талаар санал хүсэлт, шаардлагаа хүргүүлэх үү?
-Хүргүүлнэ. Хариуцсан яам, тамгын газарт нь энэ талаар шаардлагыг хүргүүлж хамтран ажиллах бодолтой байна. Ер нь энэ асуудал олон жил яригдсан ч яг ажил хэрэг болж чадаагүй шүү дээ. Тиймээс бид үүнийг хийхийн төлөө зорьж байгаа.
-Хяналт шалгалтын ажил гэж том юм байгаа байх?
-Тийм. Үүнийг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага нь хийх ёстой. Шалгалтыг тэд хийх байх. Мөн мэргэжлийн хяналтын байгууллага гэж том байгууллага бий. Тэд ч бас үүнийг хийх байх гэж найдаж байна.
-Өмнө нь олон байгууллагад бичиг хүргүүлдэг байлаа. Тэр болгон ажил хэрэг болсон зүйл байдаггүй. Та бүхний энэ эцсийн үр дүн нь сайн гарна гэдэгт итгэж болох уу?
-Үүний төлөө л бид зорьж байгаа. Тийм учраас бодит ажил хэрэг болгоно. Хариуцсан байгууллагууд нь ч үүнийг нэг их төвөгшөөж хүлээж авахгүй болов уу гэж найдаж байна.