Ийнхүү Хятадын лигт тоглох болсон гол шалтгаан нь мэдээж энэ улиралд түүнд баталгаатай гэрээ санал болгох NBA-ын баг байхгүй байгаатай холбоотой. Аренас улирлын амралтыг төрөлх хот Лос-Анжелест өнгөрүүлж, дасгалжуулагч Жо Абунассартай бэлтгэл хийж, “Лейкерс” болон “Клипперс” багуудын бэлтгэлд очиж байсан ч түүнд гэрээ санал болгох баг олдоогүй юм. Өнгөрсөн улиралд “Мемфис” багт ердөө 17 тоглолтод оролцсон тэрээр NBA-д түүнийг урих баг байхгүйг мэдсэн даруйдаа Хятадын лигийг “онилжээ”. Гэхдээ тэр хүсвэл, мөн NBA-ын аль нэг баг санал тавьбал ирэх гурав, дөрөвдүгээр сараас эргэн ирэх боломжтой гэрээний хувилбар үзэглэх гэнэ.
NBA-д тоглосон 11 улирлын туршид Гилберт Аренас 20.7 оноо дунджилснаас 2005-2006 оны улиралд “Вашингтон Визардс” багт тоглож байхдаа нэг тоглолтод дунджаар 29.3 оноо авч байсан нь түүний оргил үе гэж болно. 2010 онд “Орландо Мэжик” рүү зарагдсан цагаас амжилт нь уруудаж, улмаар 2011 оны арванхоёрдугаар сарын 9-нд “Орландо Мэжик” түүнийг багаасаа чөлөөлсөн билээ.