Хүүхдийн мөнгийг буцаан татахгүй

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Хүүхдийн мөнгийг буцаан татахгүй

Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсний дагуу арилжааны 12 банк нь хүүхдийн мөнгө /сар тутамд 20 мянган төгрөг/-ийг аравдугаар сарын 20-ноос эхлэн олгож эхлээд байна. Хүүхдийн мөнгөний олголтод ямар нэг бэрхшээл, хүндрэл гараагүй. Харин эцэг, эхчүүдийн хувьд санамсаргүй байдлаар хүүхэддээ хоёр данс нээлгэсэн, эс бөгөөс хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг, эхийн иргэний үнэмлэхийн дугаар зөрөх зэрэг зөрчил гарч байгааг эс тооцвол ямар нэг саад тотгоргүйгээр мөнгө олголт хэвийн үргэлжилж буй гэж өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлаар Хүн ам нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар сэтгүүлчдэд танилцууллаа.

Монгол Улсын хэмжээнд 0-18 насны 967976 хүүхэд байдгаас энэ сарын 18-ны байдлаар арилжааны 12 банкинд 851150 хүүхэд буюу нийт хүүхдийн 87.4 хувь нь бүртгэгдсэн дүн мэдээ гарчээ. Засгийн газраас өгсөн чигийн дагуу сар бүрийн 20-нд хүүхдийн мөнгө нээлгэсэн данс бүртээ шилжиж орно. Хэрвээ эцэг, эх хүүхдийн мөнгийг авахгүй хуримтлал болгоё гэвэл нэг наснаас эхлэн 18 нас хүртэл тооцоход дөрвөн сая 320 мянган төгрөг болох аж. Монголбанкны ерөнхийлөгчийн зүгээс эцэг, эхчүүдийн хувьд хүүхэддээ хуримтлал үүсгэх нь хамгийн зөв сонголт болохыг зөвлөж байна. Энэ нь хүүхдэд маш том хөрөнгө оруулалт болно, нөгөө талдаа Монголын эдийн засагт инфляци үүсгэхгүй байх сайн талтай гэнэ.

Мөн хүүхдийн мөнгийг аваагүй үед буцаагаад төрийн сан руу татчих вий гэж эмээх шаардлагагүй, хүүхэд бүрийн дансанд байршаад хуримтлал үүсгэнэ, бас хэзээ ч авах бололцоотой аж. Цаашид Монгол банк, Хүн ам нийгмийн хамгааллын яам хамтраад Хүүхдийн мөнгөний карт бий болгох гэж байгаа. Эл картаар архи, тамхи худалдаж авахгүй байх үүргийг эцэг, эхчүүд хүлээх юм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж