“Мөрөөдлийн театр” орон нутгийг зорино

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

“Мөрөөдлийн театр” орон нутгийг зорино

“Мөрөөдлийн театр” энэ намрын уран бүтээлийн нээлтээ “Амьдрал өөрөө бэлэг” хошин шоу драмаар хийн нийслэлийн үзэгчдэдээ бэлэг барьсан билээ.

Уг тоглолт инээдмийн жанрынх ч тэд драмын урлагт шоу энтертайнмэнтийг хөгжүүлэхээр арай шинэлэг байдлаар дэглэсэн. Тиймдээ ч бусад хошин шогийн тоглолт шиг хэд хэдэн жижиг үзэгдэлтэй бус хоёр том хэсэгтэй. Мөрөөдлийн театрынхан шоугаа ОХУ, Францын хоёр зохиолоос сэдэвлэсэн бөгөөд уг тоглолтын найруулагчаар бүжиг дэглээч, найруулагч Г.Ган-Очир, киноны нэвтэрхий толь гэгддэг найруулагч А.Миеэгомбо, зураач Одбаяр, Сэрчээ нар “хүч нэмэгдүүлэн” ажиллажээ.

“Амьдрал өөрөө бэлэг” хошин шоу драмд тус театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, Д.Баттөмөр, жүжигчин С.Дөлгөөн, Батууш болон урилгаар Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, хошин урлагийн “акулууд”-ын нэг жүжигчин Ааяа буюу Ш.Алтанцэцэг нар тоглож үзэгчдийг хуйлруулж байна. Жүжигчин Ааяа найман жилийн дараа “Мөрөөдлийн театр”-тай нэгдэн эргэн тайзнаа гарч байгаа юм. Тэд ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс хөдөө орон нутгийн үзэгчдэд тоглолтоо толилуулахаар зэхжээ. “Амьдрал өөрөө бэлэг” хошин шоу драм Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Орхон, Дархан Зүүнхараад зочлох нь ээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж