“Рио Тинто”-гийн мөнгөөр хагаралдуулж байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

“Рио Тинто”-гийн мөнгөөр хагаралдуулж байна гэв

УИХ-ын гишүүн С.Ганбаатар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь монголчуудад дунд маш их эргэлзээ төрүүлж байгаа тул ойлголтоо нэгтгэх ёстой, дээр нь монголчуудад ашиггүй энэхүү гэрээг өөрчлөх хүртэл Засгийн газар ажиллах ёстой” гэсэн шаардлага тавин, эл гэрээг Сангийн сайд байхдаа байгуулсан, одоогийн УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дуудсан. Харин энэ үед Уул уурхайн ассиоциацийн тэргүүн Н.Алагаа “С.Ганбаатарыг далдаас нэг юм удирдаад байна” гэж хэлсний зэрэгцээ “Уул уурхайн мэдлэгээр намайг барахгүй” хэмээж, хэвлэлүүдэд гүтгэлгийн чанартай материалуудыг гаргуулсан гэж С.Ганбаатар ярив. Тиймээс УИХ-ын гишүүн С.Ганбаатар нь Уул уурхайн ассиоциацийн тэргүүн Н.Алагааг Сүхбаатар дүүргийн шүүхэд өгч, далдаас С.Ганбаатарыг хэн удирдаад байгаа вэ гэдгийг, нотлох ёстой гэж үзсэн байна. Мөн тэрээр

-“Рио Тинто” болоод Оюутолгой компани нь Уул уурхайн ассиоциацийн гишүүн байгууллага учраас тэдгээрээс санхүүжилт авдаг. Тэрхүү санхүүжилтээрээ монголчуудыг дотор нь хагаралдуулж, дайтуулах нь зохисгүй. Монголчууд эв нэгдлээ эрхэмлэх ёстой, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь үнэхээр шударга бус болсон. Англи, монгол гэрээнүүд хоорондоо зөрдөг, С.Баярцогт гишүүний тухайн үед ярьсан яриа одоогийнхоос өөрчлөгдөөд байгаа гээд яривал их зүйл бий аж. Ийм үед гаднаас авсан мөнгөөрөө гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, бусдыг гүтгэн доромжилж таарахгүй. Ийм зүйлийг дахиж гаргуулахгүйн тулд Н.Алагааг шүүхэд өгсөн, Уул уурхайн ассиоциаци нь “Рио Тинто” болоод “Оюутолгой” компаниас санхүүжилт авдаг гэдгийн нэг нотолгоо нь саяхан нэлээд олон хүмүүсийг Австрали руу авч явж, уул уурхайтай танилцуулсан гээд баримтууд бий гэлээ.

Харин УИХ-ын дэд дарга С.Баярцогттой хийх халз мэтгэлцээний цаг хугацаа нь ирэх арваннэгдүгээр сарын 7-нд байх магадлалтай аж. УИХ-ын дэд дарга С.Баярцогт гадаад руу томилолтоор явахын өмнө УИХ-д хандан арваннэгдүгээр сарын эхээр мэтгэлцээн хийх бололцоотой гэсэн чиг өгсөн байна. Тиймээс эрхэм гишүүн дээрх өдрийг товложээ. Энэхүү мэтгэлцээнд олон нийтийн төлөөллөөс оролцуулах, тэр дундаа хэвлэл мэдээллийнхэн мэтгэлцээнийг нээлттэйгээр шууд нэвтрүүлэх бололцоог УИХ хангах ёстой гэсэн байр суурь баримталж буйгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар мөн энэ үеэр дуулгалаа.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж