Дуулиантай “Pussy Riot” панк хамтлагийн Мария Алехина, Надежда Толоконникова нарыг ял эдлэх газар луу нь ачсан тухай тэдний өмгөөлөгч нарын нэг Марк Фейган мэдэгджээ. “Хэдхэн минутын өмнө биднийг урьдчилан хорих төв рүү уттасдахад тэднийг ял эдлэх газар луу нь ачуулсан гэж мэдэгдлээ” хэмээн хэлсэн өмгөөлөгчийн үгийг “Интерфакс” агентлаг даваа гаригт мэдээлсэн байна.
Тэднийг хааш нь илгээсэн нь тодорхойгүй. “Зарим нэг мэдээллээр Толоконниковаг Мордовт, Алехинаг Пермийн колони руу ачсан бололтой. Гэвч энэ нь хараахан батлагдаагүй мэдээлэл” гэж өмгөөлөгч хэлэв. Өмнө нь Толоконникагийн нөхөр Петр Верзилов урьдчилсан хорих төвөөс авсан мэдээний дагуу түүний эхнэрийг Мордовт, Алехинаг Пермь рүү ачлаа” гэж олон нийтийн сүлжээгээр бичсэн байна.
Twitter-ийн Gruppa_voina микроблогаар өмнө нь Миша Алехинаг Пермийн колонид ачсан гээд “түүнийг Москвагаас хамгийн алсын колонид илгээн шийтгэлээ харуулж байна” гэж бичсэн байна. Толонниковагийн хувьд лагеруудын хамгийн тамд нь илгээлээ гэжээ. Хоёр эмэгтэйг хамгийн харгис хатуу колонид явууллаа гэж тэдний найз нар ярьж байна.
Оросын хүний эрхийн хамгийн ахмад байгууллага Москвагийн Хельсинкийн группын тэргүүн Людмила Алексеева дуулиант хамтлагийнхнийг Москвагаас хамгийн холын колониудад илгээсэнд зовинож буйгаа илэрхийлэв. “Айлган сүрдүүлэх ухаалаг биш бодлого үргэлжилж байна. Богино хугацааны ялтай хүмүүсийг тийм хол илгээдэггүй. Үүнийг “Эсэргүүцэл тэмцэл өрнүүлбэл ийм л зүйл та нарыг хүлээж байна гэсэн сүрдүүлэг юм” гэж Людмила Алексеева ярьжээ.