Хууль зөрчсөн хүн хууль тогтоогч байж чадахгүй

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Хууль зөрчсөн хүн хууль тогтоогч байж чадахгүй

….Өвөрхангай аймгийн Баянгол сумын нэг, хоёрдугаар багт улсын заан Б.Сайнбаярын төрсөн ах Б.Жаргалсайхан, дөрөвдүгээр багт аймгийн арслан Батсүхийн Батдорж нараар дамжуулан иргэдэд Монгол ардын намаас нэр дэвшигчдэд санал өгөөрэй гэж хэлүүлэн “Chinggis” архи, бусад эд зүйл тараажээ. Энэ үйлдлийг Ардчилсан нам хөдөлшгүй баримтаар нотолж, тойргийн хороонд хандсан байна.

….Арвайхээр сумын нэгдүгээр хороо Арвайтын 1-1, 1-2 тоотод байх “Хан хөгшин” хүнсний дэлгүүрийн хашаанд 20 тн-ын улаан өнгийн чингэлэгтэй “Chinggis” архи болон ундаа, бусад эд зүйлийг буулгаж, сумд руу хүргүүлэн иргэдэд тараасныг шударга иргэд мэдээлэв. МАН-ын нэр дэвшигч Н.Төмөрхүүгийн шадар туслах, “Өндөр буянт” компанийн менежер Батмөнх гардан зохион байгуулсан энэхүү үйлдлийг аймгийн Прокурор болон Цагдаагийн байгууллагын 2012 оны зургадугаар сарын 21-ний өдрийн шалгалтаар илрүүлжээ. Шалгалтын явцад цагдаагийнхан нийт 73 шил “Chinggis” архи илрүүлсэн бөгөөд энэ нь Баянгол суманд МАН-аас тараасан архитай нэр төрөл, савласан хэмжээгээрээ адил болох нь тогтоогджээ.

…Арвайхээр сумын нэгдүгээр багт орших “Тайгер” хэмээх дэлгүүрээр дамжуулан архи тараасан үйлдэл гарлаа. Уг дэлгүүрийн худалдагч Ганчимэг “МАН-ын нэр дэвшигчдийг дэмжвэл архи үнэгүй өгнө” гэж орж ирсэн хүмүүсийг ухуулаад зогсохгүй архи тараасан талаархи мэдээллийг иргэд өглөө. Мөн МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын сонгуулийн ажилтнууд Арвайхээр сумын долдугаар багт айлуудаар явж “Чингис” архи, Чокопай, ууттай чихэр тараан “МАН-аас нэр дэвшигчдэд саналаа өгөөрэй” хэмээн ятгасан байна.

…Сонгуулийн санал хураах өдөр МАН-аас нэр дэвшигчдийн сонгуулийн ажилтнууд автобус автобусаар нь хүн зөөж, дахиад л УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.15-ыг зөрчлөө. Мөн сонгогчдод 20 мянган төгрөг тараасан үйлдэл нь илрэв.

…МАН-аас нэр дэвшигч Н.Төмөрхүү их хуралд нэр дэвшихдээ намтартаа 1994-2001 онд МУИС-ийг Электроникийн мэргэжлээр төгссөн гэж бичжээ. Гэтэл мөн чанартаа МУИС-д элсэн орсон боловч төгсөөгүй, сургуулиа хаясан нь баримтаар нотлогдсон байна. МУИС-ийн Бакалаврын сургалтын албаны эрхлэгчийн 2012 оны наймдугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолтод “Н.Төмөрхүү нь 1994 онд МУИС-д элсэн орсон боловч төгсөөгүй” гэдгийг бататгажээ. Ийнхүү хуурамч бичиг баримт хуурамч диплом үйлдэж ашиглан сонгогчдыг мэхэлсэн энэ хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа аж.

…МАН-аас нэр дэвшиж байгаа Намхайн Төмөрхүү, Содномын Чинзориг нар 17 настай Баттулгын Булганааг Хайрхандулаан суманд, Баясгалангийн Сэлэнгээг Есөнзүйл суманд ажиллуулж хууль зөрчжээ.

Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нар Сонгуулийн хууль бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн баримтуудын жагсаалт ийн үргэлжилнэ. Гэвч тэд хууль зөрчиж байгаад ч болов УИХ-ын гишүүнээр сонгогдох санаархалдаа хэт автжээ. Сурталчилгаандаа ашиглаж, сонгуулийн ажилдаа оролцуулсан хоёр хүүхдийг Улаанбаатар авчирч түмний өмнө нүүрийг нь улалзуулан суулгаж байгаад өөрсдийгөө өмөөрсөн үг хэлүүлэхийг хичээв. Гэхдээ охид ам алдаж, МАН-ын нэр дэвшигчид сурталчилгаандаа нэг биш нэлээд хэдэн хүүхдийг ангиар нь ажиллуулсныг илчилж орхисон.

УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Тэнд хуулийг сахиулдаг, хуулийг хэрэгжүүлдэг хүн орох ёстой. Хууль зөрчдөг, хуулийг уландаа гишгэдэг хүн хууль тогтоогч байж таарахгүй. Үүнийг Өвөрхангайн сонгогчид шаардаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж