-Ойрын өдрүүдэд Өвөрхангайн асуудлаас урган гарсан улс төрийн шинэ нөхцөл байдал олон нийтийн анхаарлыг татаад байгаа. Өвөрхангай аймгийн сонгогчдыг төлөөлж та ямар тайлбар хийх вэ?
-Өвөрхангай аймагт сонгууль ямар болсныг хүн бүр мэднэ. МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нар хууль зөрчсөн, энэ нь нэрсийн жагсаалтаас хасагдах үндэслэл болж байсан. Гэхдээ тухайн үед Өвөрхангай аймгийн сонгуулийн тойргийн хороо тэдний хууль зөрчсөнийг тогтоосон мөртлөө нэрсийн жагсаалтаас хасаагүй. Үүнээс л бүх зүйл болсон. Харамсалтай нь МАН-ын нэр дэвшигчдийн энэ хууль зөрчсөн үйлдлийн талаар хүмүүс ярихгүй байна. АН шүүхэд нөлөөлсөн гэдэг ойлголт төрүүлэхийг л хичээж байх шиг. Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигчид насанд хүрээгүй хүүхдүүдийг сонгуулийн сурталчилгаандаа оролцуулж байгааг 10 дугаар тойргийн хороо тогтоогоод Т.Гончигдорж дарга Өвөрхангай аймгийн МАН-д албан тоот явуулсан байдаг. “Танай намын сонгуулийн сурталчилгаанд насанд хүрээгүй хүүхэд ажиллаж байгаа нь тогтоогдлоо. Хууль бус үйл ажиллагаагаа зогсооно уу” гэсэн агуулгатай. Сонгуулийн хуульд зааснаар бол албан тоот илгээх биш нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах ёстой. Тойргийн хороо хуулийн хүрээнд арга хэмжээ аваагүй байна гэдгийг Сум дундын шүүхээс тогтоосон тул сая Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрээ гаргажээ. Энэ бүхэн хуулийн дагуу зөв шийдэгдлээ гэж сонгогчид үзэж байгаа.
-Тойргийн хорооныхон улстөрийн намын нөлөөнд орсон байж болох уу?
-Тойргийн хорооны олонхийг МАН-ын гишүүд бүрдүүлж байсан. Тэд МАН-д үйлчилсэн шийдвэрүүд гаргасан. Тухайн үед Өвөрхангай аймгийн тойргийн хороонд МАН-ын нэр дэвшигчид мөнгө төгрөг болон архи тарааж байгаа тухай олон гомдол ирж байсан. Эдгээр асуудлыг тойргийн хороо шийдвэрлээгүй. Одоо ч мөнгө тараасан асуудлаар цагдаагийн байгууллага шалгаж тогтоогоод, прокурорт шилжүүлчихсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарт холбогдох хэрэг байгаа.
-Өвөрхангайчууд манай намыг л сонгосон гэсэн тайлбарыг МАН хийж байна. Ингэхэд үнэхээр өвөрхангайчууд нийслэлд жагсаал хийхээр ирсэн юм уу?
-Тэр нэрсийн жагсаалтад хэн байсан нь хамаагүй, Г.Батхүү, Д.Зоригтдоо биш. Хэн ч байсан хууль зөрчсөн хүний дараагийн нэр дэвшигчид гарах ёстой. Ямар ч байсан туг лоозон бариад талбай дээр жагсаж байгаа хүмүүсийг харахад бүгд нүүрээ хаачихсан байсан. Өөрийн чин сэтгэлээр ирсэн бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр үгээ ил тод хэлэх хэрэгтэй. Өвөрхангай аймагт 1000 хүний жагсаал боллоо гэж Г.Занданшатар хэлж байсан. Тэр өдөр нь Өвөрхангайд ямар ч жагсаал болоогүй.
2. Л.Бат-Орших: Хуулийг хэрэгжүүлэх гэж баталдаг биз дээ
-СЕХ Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшигчдийн нэрийг УИХ-д өргөн мэдүүллээ. Харин МАН эсэргүүцсээр байна. Үүнийг та орон нутагт нь ажиллаж байсан иргэний хувьд хэрхэн харж байгаа вэ?
-Хуулийг хэрэгжүүлэх гэж л баталдаг. Нэгэнт шүүхийн шийдвэр гарчихсан учраас улс төрийн ямар нэгэн тоглолт хийж болохгүй. Монгол Улсын сонгуулийн хуулийг батлахдаа мөнгө тарааж, сонгогчдын саналыг худалдаж авдаг байдлыг таслан зогсоохыг зорьсон. Хуулийг хэрэгжүүлэх гэж л төр оршдог. Тийм байхад улс төрийн ямар нэг нам тайлбар хийгээд байх шаардлагагүй. Бүх зүйл хуулийн хүрээнд болох ёстой.
-МАН-ын зүгээс Өвөрхангайн сонгогчид заавал МАН-ын гишүүдийг УИХ-д суулгах сонирхол байгаа мэтээр тайлбарлаж байгаа шүү дээ.
-Ард түмэн нийтээрээ тийм бодолтой биш. Нийслэлд жагсахаар ирсэн гэх хүмүүсийн тухайд МАН-ын улс төрийн албан хаагчид нь байх. Нийт өвөрхангайчуудын бодол, хандлага, сонголт бол өөр гэдгийг хэлье.
3. Ш.Цогт: УИХ энэ асуудлыг хэлэлцэх ёстой. Өөр зам байхгүй
-МАН Өвөрхангай аймгийн сонгуулийн маргааныг шийдвэрлэсэн шүүхийг нэг талд үйлчиллээ гэж буруутгаж байна. Иргэн хүний хувьд байр сууриа илэрхийлнэ үү?
-Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгомогц хүчин төгөлдөр болдог практик манай улсад олон жил мөрдөгдөж ирсэн. Өвөрхангайн шүүхийн шийвэрийг СЕХ хүлээж аваад өөрийнхөө бүрэн эрхэд хамаарах асуудлаар шийдвэрээ гаргасан байна. Уг шийдвэрээ УИХ-д өргөн барьжээ. СЕХ-ноос хуулийн дагуу оруулсан энэхүү асуудлыг УИХ хэлэлцэх үүрэгтэй. Харамсалтай нь МАН-ы гишүүд УИХ-ын чуулганыг хуралдуулахгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Цаашдаа энэ асуудал даамжрах юм бол УИХ-ын эрх бүхий этгээд шүүхэд гомдол гаргаж, уг асуудлыг хурлаараа хэлэлцэхийг шүүхээс даалгасан шийдвэр гаргах нь ойлгомжтой болоод байгаа юм.
-Та хуульчийн зүгээс ямар тайлбар хэлэх вэ?
-Улсын эрх мэдлийг шүүх эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл, хууль тогтоох эрх мэдэлд хуваадаг. Эдгээр эрх мэдэл нь бие биедээ хутгалдаж ордоггүй. Гэтэл байдлыг харж байхад УИХ-ын даргад ч шүүхийн шийдвэрийг яриад, Ерөнхий сайдад ч шүүхийн шийдвэрийг яриад байх юм. Маргаан үүсгэж байгаа бол шүүх дээрээ маргаан үүсгэх хэрэгтэй.
-МАН-ынхан шүүхийн шийдвэрийг давж заалдах байсан гэж буй нь ямар учиртай юм бэ?
-Шүүхийн шийдвэр уншиж сонсгомогц хүчин төгөлдөр болдог. Шүүхийн шийдвэрийг УИХ, Засгийн газар дээр яриад байгаа нь ойлгомжгүй асуудал. Төрийн хэрэг УИХ дээр шийдэгдэнэ. Шүүхийн хэрэг шүүх хуралдаан дээрээ л шийдэгдэнэ. Тэгэхээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр мөн, биш гэдгийг УИХ дээр ярих ёсгүй. Үүнийг би хэтэрхий улс төржүүлсэн буюу орон нутгийн сонгууль угтсан тархи угаах сөрөг сурталчилгаа гэж харж байгаа.
-Тэгвэл МАН ямар хуулийн заалт зөрчиж байгаа бол?
-Шүүхийн шийдвэрийг хэн ч тайлбарлаж чадахгүй. Шүүхийнхэн өөрсдөө яаж шийдвэрлэснээ тайлбарлана. Энэ хууль бус үйл ажиллагааны явцад маш олон хууль зөрчигдөж байна. Наад зах нь төрийн тусгай хамгаалалтын хууль, Улсын онцгой обьектод хамаарах хууль, УИХ-ын дэгийн тухай хууль, цаашлаад Үндсэн хууль зөрчигдөх нь. Тэгэхээр УИХ энэ асуудлыг хэлэлцэх ёстой. Өөр зам байхгүй.
4. Г.Баасан: Худалч хүмүүс хууль тогтоож чадахгүй
-МАН-ын гишүүд Төрийн ордонд суулт хийж, төрийн ажлыг гацааж байгааг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Би төрийн ордонд орж жагсаал хийж байгаагүй. Биднийг Төрийн тусгай хамгаалалттай обьектод 30 метр ойртож болохгүй гэж цагдаагаар хөөлгөж байсан. Тэгэхээр өнөөдрийн эсэргүүцэгчдийн хийж байгаа үйлдэл нь надад тавьж байсан шаардлагын дэргэд хууль бус үйлдэл. Тэр тусмаа дураараа авирлаж байна. Төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс өөрсдөө хуулийг маш сайн мэддэг мөртлөө нийтийн эрх ашгийн төлөө хууль баталдаг хурлын танхимын хаалгыг хаагаад сууж байгаа нь увайгүй үйлдэл. Үүнд Хууль зүйн сайд арга хэмжээ авах ёстой. Би Төрийн ордны гадаа жагссаныхаа төлөө 14-21 хоног хоригдох хариуцлага хүлээж байсан. Төрийн албаны хуульд төрийн албан хаагчид нь төрийнхөө эсрэг ямар нэгэн жагсаал, цуглаан хийхгүй гээд заачихсан байгаа. Энэ хүмүүс хуулийг тогтогчид, хуулийг үлгэрлэн дагагчид мөртлөө хуулийг ихээр зөрчиж байна. Хууль хэнд ч ижил үйлчлэх ёстой. Тиймээс эдгээр хүмүүст захиргааны арга хэмжээ авах ёстой.
-Та Өвөрхангайн тойргийн маргааныг хэрхэн дүгнэж байгаа вэ. Нэр дэвшигчиддээ учир байна уу, эсвэл улс төрийн өөр агуулга байна уу?
-Энэ нам өмнө нь ялагдаж үзээгүй, гудамжинд гарч үзээгүй болохоор эмзэглэж байх шиг байна. Монгол Улсад ардчилал ялснаас хойш 20-иод жил төрийн эрхэнд байлаа. Тиймээс МАН-ын гаргаж байгаа авирт гайхаад байх зүйл үнэндээ алга. Өмнө нь ч ийм зүйл зөндөө болж байсан. З.Энхболд, С.Эрдэнээд яг ийм асуудал тулгараад жилийн дараа УИХ-д орж л байсан. Энэ бүхэн шинэ зүйл биш. Харин үүгээр дамжуулж орон нутгийн сонгууль угтан эрх барьж байгаа намын нэр хүндийг унагахыг хичээж байх шиг.
Бид эрх зүйт төрийг бий болгох гэж байна. Өмнө нь хэн хүчтэй нь төрийн эрхийг барьдаг байсан бол одоо бүгд хуулийн дагуу амьдрах ёстой.
-Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал жам ёсныхоо дагуу явж байна уу?
-Хуучин эрх баригч МАН нэг удаа ч гэсэн жирийн, сөрөг хүчин байхаас айж байна. МАН төрийн машины эрэг шураг болгонд хүчтэй суурилсан. Цэвэрлэгчээс нь эхлээд төрийн тэргүүн хүртлээ намчирхдаг. МАН-ынх байвал хэрэг хийсэн ч цайрдаг. АН-ынх байвал эрдэмтэн байсан ч гудамжинд явж байдаг. Ийм л он жилүүдийг бид даван туулсан. Монголын ард түмэн үүнийг мэдэж байгаа гэж найдаж байна. Одоо бол шударга үнэн ялчих вий, бидний буруутай үйлдэл илчлэгдэх вий гэж айж байгаа нь харагдаж байна. Тэгэхээр ард түмэн ч гэсэн АН-д итгэл өгсөн шигээ өгч, энэ дөрвөн жилд юу хийж чадахыг нь харах ёстой.
-Энэ маргааны үр дүн яаж гарах бол?
-Хууль зөрчсөн хүн битгий хэл нийтийн эрх ашгийн төлөө өөрийгөө золиосолж чадахгүй бол төрд гарах хэрэггүй. С.Чинзориг гэдэг хүн ахмад дайчны орон сууцыг өгөхгүй залилахыг завдсаныг сонин дээр бичсэн байсан. Нэг ахмад дайчны байранд шунаж байгаа хүн нийт ард түмний эрх ашгийг хамгаалж чадах уу, чадахгүй. Худалч хүмүүс хууль тогтоож чадахгүй. Хуульч хүнийхээ хувьд шүүхийн шийдвэр зөв гараасай гэж хүсч байна.
5. Д.Жаргал: Хэн байх нь чухал биш, хуулиа мөрдөх ёстой
-Өвөрхангайн 10 дугаар тойргоос АН-ын хоёр нэр дэвшигчийн нэрийг СЕХ өргөн барьсантай холбоотойгоор чуулган хуралдаж чадаагүй. Энэ байдлыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Нөхцөл байдлын талаархи мэдээллийг сонин, телевизээс авлаа. МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн үеэр удаа дараа хууль зөрчсөн. Аймгийн тойргийн хороо ч зөрчлийг нь тогтоосон байдаг. Тэгсэн хэрнээ хуульд заасны дагуу хариуцлага тооцоогүй, нэрийг нь жагсаалтаас хасаагүй. Энэ нь хууль зөрчигчдийг бүр өөгшүүлсэн.
Нөгөө талаар шүүх, цагдаагийн байгууллага МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нар хууль бус үйлдэл хийснийг тогтоолоо. Гэтэл ард түмэнд буруу ойлголт өгөөд байх юм. Хархорины шүүхийн шийдвэр өөр гарсан гэж тэд тайлбарлаж байна. Үнэндээ бүх шүүхийн шийдвэр нэг утга агуулгатай гарсан. Тиймээс би шүүхийн шийдвэр зөв гарсан гэдгийг ард түмэнд хүргэхийг хүсч байна.
-Өвөрхангайн иргэд талбай дээр жагссан гэх юм. Сонгогчдыг төлөөлөх хүмүүс нийслэлд очсон гэж та үзэж байна уу?
-Зурагтаар харсан хүмүүс нүүрээ далдалсан байсан. Ер нь тэднийг харж байхад МАН-ын улс төрийн ажилтнууд ихэнх нь байна лээ. Заримыг нь хүчээр авчирсан мэт, хүслээрээ ирсэн байдал ажиглагдаагүй.
-Танай аймагт МАН-ынхны тайлбарласан шиг үймсэн байдалтай байгаа юм уу?
-Орон нутагт МАН-ынхны тайлбарлаад байгаа шиг зүйл болоогүй. Нэг үеэ бодоход ард түмэн хуулиа сахидаг, мэддэг болсон. Тиймээс ард түмэн хууль бусаар төрийн эрхэнд гарах гээд байгаа хүмүүсийн эсрэг байдаг. Хуулийг хэрэгжүүлэхийн төлөө яваа иргэд хөдөөд маш олон байгаа.
-МАН-ын зүгээс шүүхийн шийдвэр гэхээсээ илүүтэй сонгогчдын олон мянган саналаар зөрүүтэй сонголтыг чухалчилж үзэх ёстой гэж байгаа.
-Хэдийгээр сонгуулийн дүн зөрүүтэй байгаа ч цаанаа маш их булхай гарсан. Өвөрхангайд 5300 гаруй хүний санал хүчингүй болсон. Хүчингүй болсон саналууд ардчиллын төлөө саналаа илэрхийлсэн хүмүүсийнх. Санал авах машины дэргэд иргэний бүртгэлийн ажилтнууд байдаг. Тэд МАН-ын гишүүд. Тийм хүмүүсийн хараа хяналтад автсан хүмүүс саналаа хүчингүй болгох тохиолдол их гарсан. Тэгэхээр 3000 саналын зөрүү биш гээгдсэн 5000 саналыг л хөдөөд их ярьж байгаа. Үнэн хэзээд ялна гэдэгт хөдөөгийн ард түмэн итгэж байгаа.
Хуулиа мөрдөх л ёстой. Эхний хоёр хүн хууль зөрчсөн учраас дараагийн хоёр хүн орох нь зүй ёсных. Дараагийн хоёр хүн нь өөр намынх байсан ч хөдөөгийнхөн дэмжих байсан. Гол нь хуулиа мөрдөх нь чухал гэдгийг бид ойлгодог.