Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Олон улсын зээлдүүлэгч “гурвал”-ын илтгэл хойшлогдож  байгаа ч холбооны бусад орнуудтай харьцуулахад Грек хэмнэлт хийж байгаа. Гэхдээ энэ нь гүнзгий хямралаас гарахад хангалтгүй гэж  өөрсдөө үзэж байна.

Еврокомисс, Европын төв банк, Олон улсын валютын сан хэмээх “гурвал” олон улсын зээлдүүлэгчдийн төлөөлөгчид Грект хэдэн сар ажилласан илтгэлээ танилцуулахыг хойшлуулсаар байна. Тэд Грек төсвийн хэмнэлтээ хийх талаар авсан үүргээ хэрхэн биелүүлж байгаа талаар дүгнэлт гаргах ёстой. Энэхүү дүгнэлтээс Грект дахин  тусламж өгөх эсэх нь шалтгаалах ёстой. Гэхдээ Грек ээлжилт тусламжаа авах нь бараг ойлгомжтой болоод байна.

“Гурвал” илтгэлээ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа гаргана гэсэн таамаг байна. Илтгэл гараагүй ч Грекийн эрх баригчид авсан үүргээ хэрхэн биелүүлж байгаа талаар тооцоо хийж болно гэж Германы “DW” бичсэн байна.

Төсвийн алдагдал

Грек улсын зардлаа бууруулах талаар ихээхэн зүтгэл гаргаж байна. Тэдэн шиг өргөн арга хэмжээг хөгжилтэй орнууд, Евро бүсийн бусад орнууд хэрэгжүүлж чадаагүй. Үнэндээ бол өмнө нь Грек хэтэрхий үрэлгэн байсан.

Грекчүүд төсвийн алдагдлаа 2009 оны 15,8 хувиас 2011 онд 9,1 хувь хүртэл бууруулав. 2010 оноос хойш өнөөг хүртэл тэд 49 тэрбум еврогийн хэмнэлт хийсэн гэж Грекийн Сангийн сайдын орлогч мэдэгджээ. FrankfurterAllgemeineSonntagszeitung сонинд тэмдэглэснээр, германчууд Грекийн хурдаар хэмнэлт хийсэн бол бүр 300-500 тэрбумыг хэмнэж чадах байжээ!

Гэхдээ Грекийн эрх баригчид өрийн хүүгийн төлбөрийг тооцолгүйгээр төсвийн алдагдлыг нэг хувьд хүргэнэ гэсэн зорилгоо энэ жилдээ биелүүлж чадахгүй бололтой.  Шинжээчид эрх баригчдын 2013 онд зорилгоо биелүүлнэ гэсэн өөдрөг мэдэгдэлд нь төдийлөн итгэхгүй байна. Учир нь ирэх жилийн Грекийн эдийн засгийн уналт дөрвөн хувьтай байна гэсэн дүгнэлт гараад байгаа юм.

Хувьчлал уу? Одоохондоо цаасан дээр

"Гурвал" Грекээс аль эртнээс улсын өмчийг хувьчлахыг өргөн хэмжээний худалдааг хийхийг шаардаж байсан. Хувьчлалаас 2015 он хүртэл 50 тэрбум орчим еврогийн орлого олох тооцоо бий. Гэтэл хувьчлах тал дээрээ грекчууд хамгаас бага ажилласан бөгөөд энэ жилийн хавраас намар хүртэл ерөөсөө хувьчлал явуулаагүй гэж хэлж болохоор байгаа юм.

Афины нисэх буудал

Зөвхөн энэ намар л томоохон букмекерийн конторын засгийн мэдлийн хувьцаа болон Depa гэх хийн концерний улсын мэдлийн үнэт цаасыг зарахаар бэлтгэсэн тухай зарлав. Өмч хувьчлалын албаны тэргүүнээр “Toyota” компанийн Европын салбарын захирал асныг томилсон болохоор Грекийн компаниудыг худалдах ажил идэвхжинэ гэсэн найдлага байгаа юм. Ирэх жил гэхэд Афины олон улсын нисэх буудлыг хувьчлах бөгөөд бөгөөд энэ нь Грекийн хамгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө юм.

Хэт данхгар төрийн алба

Европтоо хамгийн “том” нь болох магадлалтай Грекийн төрийн аппаратын бүтцийн өөрчлөлт л хамгийн  хүндээр  байх бололтой. Бараг 11 сая хүнтэй Грек төрийн аппаратыг 11 хувиар 2009 оноос хойш цомхотгосон гэж мэдэгдсэн ч одоо 750 мянга гаруй төрийн албадтай. Харьцуулбал, хэзээнээс хүнд сурталтай гэж хэлэгдэж ирсэн 82 сая хүнтэй Герман д 1,7 сая төрийн албан хаагчтай.

Тиймээс  ч "гурвал" зээлдүүлэгч 2015 он гэхэд 150 мянган түшмэлийн орон тоог цомхотгохыг Грекээс шаардаж байна. Грекийн Засгийн газар ойрын хугацаанд 15 мянган төрийн албан хаагчийг цомхотгоно гэж амлаад байна. Үүнд хугацаанаасаа өмнө тэтгэвэрт нь гаргах хүмүүс ч багтжээ. Албан тушаалтнуудын 13, 14 дэхсарын  цалинг хасч, ердийн ажилтнуудын цалинг 30 хувиар хорогдуулаад байгаа ажээ. Гэхдээ хүчтэй лобби төрийн бүтцийн шинэчлэл хийхэд нь урьдын адил саад болсоор байна. Грекийн цэргийн төсөв харьцангуй их байгаа бөгөөд үүнийг хасах, танах ажил эхлээд байгаа гэнэ. Грекийн цэргийн зардал нь дотоодын нийт бүтээгдэхүүний 2,9 хувь болдог бол Германых 1,4 хувь байдаг ажээ.

Татварын шинэ систем бий болох уу эсвэл…?

Татвараас зугтагсадыг тууштай мөшгөн мөрдсөний буянаар Грек, өнгөрсөн хоёр жилд татварын орлогоо нэмэгдүүлж чадлаа. Гэсэн хэдий ч нуусан татварын хоёр тэрбумыг энэ онд эргүүлэн авах төлөвлөгөөгөө Афин биелүүлж чадахгүй нь. Өөрийн хөрөнгөө Швейцарид байрлуулсан грекчүүдээс татвар цуглуулах чухал гэрээнд гарын үсгээ зураагүй байна. Энэ талын хэлэлцээр нэг биш жилээр үргэлжилж байгаа.

Грекийн Засгийн газар татварын томоохон хэмжээний шинэчлэлийг одоогоор явуулж чадахгүй, зөвхөн татвар нэмэх ердийн аргаар ажиллаж байна. Үүнтэй зэрэгцээд тэтгэрийнхий мөнгийг 10-15 хувиар хассан. Олон эмнэлэг сургууль хаагджээ. Хэмнэлтийн арга хэмжээ нь хамгийн бага мөнгө авдаг хүмүүст хүндээр туслаа. Жижиг үйлдвэрлэгчид  ч энэ хүндээр тусч байгаа бөгөөд татварт хамаарагдахгүй орлогын хэмжээг 8-5 мянган евро болгосон, цалингийн доод хэмжээ 32 хувиар буурсан байна.

Энэ бүх арга хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний  үнэлгээ болон өрсөлдөх чадварыг буруулснаас гадна экспортыг ялимгүй өсгөжээ. Өрнөөс салахын тулд грекчүүдэд хичнээн их шинэчлэл хийж, ямар хэмжээнд хэмнэлт хийхийг хэн ч хэлж мэдэхгүй байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж