Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд Х.Ганбаатарыг дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд Х.Ганбаатарыг дэвшүүллээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан сая болж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатарыг нэр дэвшүүлснийг УИХ-ын гишүүд санал нэгтэй дэмжлээ. Уг нь дээрх зөвлөлийн гишүүнд анх Монголын барилга, инженерүүдийн холбооны гишүүн В.Ганбаатарыг дэвшүүлсэн байсан ч тэрээр татгалзсан тул оронд нь Х.Ганбаатарыг санал болгож буй нь энэ аж.

Харин Х.Ганбаатарыг нэр дэвшүүлэх үед УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах боломжийг бий болгох ёстой ч, ийм нэр дэвшүүлэлт харагдахгүй байна” гэж байлаа. Гэхдээ санал хураалтын шатанд Х.Ганбаатарыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр сонгохыг олонхи гишүүн гар өргөн дэмжсэн тул эл асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.

Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Одонтуяа Баянгол дүүргийн хэмжээнд хоёр цэцэрлэг шинээр барихаар төсөвт хөрөнгийг суулгасан атал Сонгинохайрхан дүүрэгт ес хүртэл тооны сургууль, цэцэрлэг барихаар ялгавартай хандсан нь ямар учиртай болох талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдыг хариулт өгөхийг хүсэв. Сайд Л.Гантөмөрийн тайлбараар бол “Сургууль, цэцэрлэг шинээр барих хэрэгцээ бол 1.7 их наяд төгрөгт эргэлдэж байгаа. Гэвч нэг жилийн төсөвт энэ хэмжээний хөрөнгийг суулгах боломжгүй, нөгөө талаас Эдийн засгийн хөгжлийн яамнаас 186 тэрбум төгрөгт багтаан сургууль, цэцэрлэг барих эрхийг өгсөн. Тиймээс зураг төсөв нь хийгдсэн обьектуудаа эхэлж барих нь зүйтэй гэдэг утгаараа асуудалд хандсан” гэж байлаа. Энэ мэтчлэнгээр боловсрол, шинжлэх ухааны салбарт хамаарах төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусган санал дүгнэлтээ УИХ-ын Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болж шийдвэрлэснээр энэ удаагийн байнгын хорооны хуралдаанд өндөрлөөд байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж