Сэргээшийн төрлийн бэлдмэл илэрсэн хоёр бөхийн нэрийг давтан шинжилгээгээр баталгаажсан тохиолдолд зарладаг учир өнөөдрийг хүртэл хоёр бөхийн нэр тодорхойгүй байсан юм. Тэгвэл дээрх хоёр бөхийн B сорьцын хариу өчигдөр ирж, Улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин Б.Сугаржаргал нарын A, B сорьцоос сэргээшийн төрлийн бодис илэрснийг мэдэгдсэн байна.
Одоо Баяр наадмын тухай хуулийн дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо дээрх бөхчүүдийн нэрсийг албан ёсоор нийтэд зарлах ёстой. Ингээд Зохион байгуулах хороо хуралдаж, хоёр бөхөд ямар хариуцлага хүлээлгэх талаар санал гаргах ёстой. Баяр наадмын тухай хуульд лабораторийн шинжилгээгээр сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдвол давсан давааг хүчингүй болгож, тухайн бөхийн цол чимгийг хураах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах заалттай.
Улсын арслан Х.Мөнхбаатарын хувьд Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд тавын даваанд улсын начин Ж.Оргил, зургаагийн даваанд аймгийн арслан Ж.Амартүвшин, долоогийн даваанд улсын начин Т.Санчирыг давж их шөвөгт үлдэн, наймын даваанд улсын заан Д.Рагчаад унажээ. Харин улсын начин Б.Сугаржаргалын хувьд тавын даваанд улсын заан Б.Соронзонболдыг давж, зургаагийн даваанд улсын арслан Г.Эрхэмбаярт өвдөг шорооджээ.